
Монгол Улсад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байгаа гадаадын харьяат иргэд 2025 оны тооллогоор 35 446 болж, 2020 оны тооллоготой харьцуулахад 58.1 хувиар өсжээ. 2020-2025 оны хооронд Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн бүтцэд БНХАУ-ын иргэдийн эзлэх хувь 41.7 хувиас 60.1 хувь болж нэмэгдсэн нь томоохон өөрчлөлт юм. Үүний нөлөөгөөр бусад улсын иргэдийн хувь буурч, гадаадын иргэдийн бүтэц өөрчлөгджээ. ОХУ, БНСУ, АНУ-ын иргэдийн хувь 2020 оны тооллогын үед ойролцоогоор 10 хувь орчим байсан бол энэ удаагийн тооллогын дүнгээр 3.2-8.5 хувь болж буурсан байна.
Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн дийлэнх нь нийслэл хотод төвлөрч буй хэдий ч өмнөх тооллоготой харьцуулахад буурч (77.9 хувиас 64.0 хувь), орон нутгийн зарим аймагт гадаадын иргэдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, Дорноговь (1.0 хувиас 10.9 хувь), Төв (0.6 хувиас 5.0 хувь), Өмнөговь (5.6 хувиас 7.3 хувь) аймагт гадаадын иргэдийн өсөлт өндөр байгаа нь эдгээр бүс нутгийн эдийн засгийн идэвхжил, ялангуяа уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн бүсүүдтэй уялдан өөрчлөгдөж байгааг илтгэнэ. Харин хүн ам цөөн, эдийн засгийн идэвхжил багатай аймгуудад гадаадын иргэд суурьшин амьдрах нь ховор. Жишээ нь, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Булган зэрэг аймгуудад гадаадын иргэдийн цөөн хувь нь амьдарч байна.
2025 онд Монгол Улсад оршин сууж буй гадаадын харьяат иргэдийн дийлэнх нь 25-54 нас буюу хөдөлмөрийн насны бүлэгт төвлөрөх хандлагатай бөгөөд энэ нь тооллого хооронд илүү нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ 0-14 насны хүүхдийн эзлэх хувь огцом буурсан нь гадаадын иргэдийн дунд гэр бүлийн суурьшил харьцангуй багасч, хөдөлмөр эрхлэлт давамгайлсан шилжилт хөдөлгөөн зонхилж байгааг илтгэнэ.