
Даргынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болж буй Үндсэн хуулийн цэц өнөөдөр өөр нэг институцын даргын бүрэн эрхийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг Их суудлаараа хэлэлцэж шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэц 2016 оны арвахоёрдугаар сарын 2-ны 12 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын шүүхийн тухай “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн уг заалтыг хүчингүй болгосон. Гэвч УИХ 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа уг хуулийн 36.7-д дээрх заалтыг агуулгаар нь дахин сэргээж баталжээ. Энэ нь Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг Цэц Их суудлаараа өнөөдөр хянан хэлэлцсэн юм. Улмаар Цэц “Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно тухай заалтын зөвхөн нэг удаа гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр ирэх зургаадугаар сарын 2-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох боломжтой болов.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2-т “Цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй, урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ учир байдал илэрсэн, Цэцийн нийт гишүүдийн олонхийн саналаар дахин хянаж эцэслэн шийдвэрлэх хуралдааныг бүрэн бүрэлдэхүүнтэй, хэрэв энэ тохиолдолд зарим гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол Цэц маргааныг 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ” хэмээн заажээ. Есүүлээ ажиллах ёстой Үндсэн хуулийн цэц наймуулаа ажиллаж байгаа. Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын даргаар томилсон. Тиймээс өнөөдөр Үндсэн хуулийн цэц наймуулаа хуралдлаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6-д “Цэц маргааныг дахин хянан үзэж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр зургаан гишүүний саналаар шийдвэр гаргасан гэсэн үг.
Үндсэн хуулийн цэцийн найман гишүүний нэгнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэр нь Цэцийн дарга Г.Баясгалан. Түүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны зургаадугаар сарын 6-нд дууссан. Хэдэн хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусаад бүтэн жил болох гэж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцэд хоёр хүнийг шинээр томилох шаардлага үүссэн гэсэн үг. УИХ-ын дарга С.Бямбацогт сар гаруйн өмнө “Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүний орон гарсан. Судалж байгаад ойрын үед Цэцийн гишүүний томилгоог УИХ-д оруулж ирэхээр ажиллаж байгаа" гэсэн юм. Гэвч өнөөдрийн байдлаар саналаа оруулж ирээгүй, Ж.Баясгаланг хэзээ чөлөөлж, Цэцийн нэрийг болоод бүрэлдэхүүнийг хэзээ бүтэн болгох нь тодорхой бус байна. Г.Баясгалан дарга ажлын байрандаа архидан согтуурсан нь ил болж хугархай нэртэй Цэцийн нэрийг нэмж хугалсан.
Бүрэн эрхийн хугацаа нь дууссан даргатай, бүрэлдэхүүн дутуу Цэц “Улс төрийн захиалгаар ажиллж байна” гэсэн хардлагатайгаар улс төрийн шийдвэр гаргасаар л. Энэ нь ойрын хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланг чөлөөлж, хоёр хүнийг шинээр томилох шаардлагыг улам нэмэгдүүлж байна.
Цэцийн гишүүнийг улираан томилох зохицуулалт байхгүй. Гэхдээ бүрэн эрхийн хугацаагаа нэг жилээр хэтрүүлэн ажиллаж байгаа Г.Баясгалан чөлөөлөгдсөн цагаасаа хойш Цэцийн гишүүний эрх ямбыг эдэлсээр байх юм. Учир нь, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.5-д “Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно” Товчхондоо чөлөөлөгдсөнөөсөө хойш зургаан сарын хугацаанд цалингаа үргэлжлүүлэн авах юм.