
Засгийн газрын хуралдаанаар суурин газруудад баавгай орж ирж эрсдэл үүсгэж байгаа талаар хэлэлцжээ.
Өнөөдрийн байдлаар 12 аймгийн суурин газруудад баавгай орж ирсэн тухай 240 гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн хоёр өдрийн өмнө Улаанбаатарт нэвтэрсэн тухай хоёр дуудлага бүртгэгджээ. Үүний шалтгааныг уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, идэш тэжээлийн дутагдал, ургац тааруу зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэллээ.
1980-аад оноос хойш манай улс хүрэн баавгайн тооллого явуулж байгаагүй бөгөөд тухайн үед 500 гаруй тоо толгой баавгайтай байжээ.
Засгийн газрын хуралдаанаас баавгайн аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулсан унтуулах тусгай сум, буу, цацлага зэргийг худалдан авахад нэг тэрбум 88 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа. Мөн байгаль хамгаалагчдад шатахууны зардал зэрэг нэмэлт санхүүжилт олгох юм байна. Түүнчлэн байгаль хамгаалагчдад баавгайг амьдаар нь барих тор хийлгэх, 12 аймгийн иргэдэд амь насаа хамгаалах зорилгоор баавгай агнах зөвшөөрөл олгохоор болжээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт баавгай агнах гурван квот өгч байгаа юм байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Зарим баавгайд задлан шинжилгээ хийж үзэхэд ходоод нь хоол тэжээлгүй байсан нь батлагдсан. Иргэдийн ярьдгаар хорхойтсон байсан гэсэн үг" гэв.