
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Хулгар багийн "Үнэгт" гэдэг газар энэ сарын 30-ны өдөр хээрийн гал түймэр гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гээд нийт 111 хүн, 25 автомашинтайгаар хээрийн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар гуравдугаар сары 31-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 19:40 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 14 000 га орчим талбай өртжээ.
Мөн өчигдөр (03.31) Дорнод аймгийн Баян-Уул сум Хар чулуут багийн “Хархираа” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 45 хүн, 9 автомашин, 7 мотоциклтойгоор унтраах ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар мөн өдрийн 18:07 цагт цурамд оруулж, 19:26 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 500 га орчим талбай өртсөн гэдгийг ОБЕГ мэдээллээ.