
Энэ жилийн үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулж, гурван өдөр барилдуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан улсын аварга С.Мөнхбат сэтгүүчдэд байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Бөхүүд долоодугаар сарын 12 гэдэг өдөрт зориулж 365 хоног бэлтгэл сургуулилтаа хийдэг. Би бол төрийн есөн хөлт цагаан тугаа 10 тойрч түрүүлсэн аварга гэдгээрээ бахархдаг. Энэ жилийн бөхчүүд найм тойрч түрүүлэх нь. Есөн хөлт цагаан туг цэнгэлдэхэд орж ирснээр наадам эхэлдэг. Монгол наадмын хамгийн гол зүйл үндэсний бөх. 1024 бөхөөс эхний өдрийн барилдааны дараа 256 бөх нь үлдэх нь. Их сонин наадам болох юм шиг байна.
Төрий ордонд байгаа хүмүүс өв соёл уламжлалд хүндэтгэлтэй хандаж уламжлалт соёлыг судалж мэддэг байх нь чухал. Муугаар хэлэхэд попорсон зүйл гаргаж байгаад харамсалтай санагдаж байна.
Тавын давааг найраатай холбож ярих дуртай. Муухай харагдаад мөнгө төгрөг авч байгаа зүйл бол төрийн наадамд байгаа. Гэхдээ шавь нар, нутаг усны бөхөө дэмжиж байгаа нэг хэсэг байгаа. Төрийнхөө наадмаас бөхийн найрааг цэвэрлэж янзлахгүй бол сумын ой хийх гэж байгаа наадамд урд өдөр нь түрүүлэх бөх нь тодорхой болчихсон. Тийм учраас бөх үзэж кайф авах гэхээр ямар ч сонирхолгүйгээр хоосон наадам явагдаж байна. Төрийн том цол авчихсан бөхчүүд хариуцлага ухамсар гэдэг зүйлийг монгол бөхийн ёс жудгийг сахиж хамгаалж явах хэрэгтэй гэж бодож байна. Монгол үндэсний бөх монгол наадам хэдэн бөх уяачдын наадам биш монгол хүн бүрийн эрхэмлэж явах өвөг дээдсээсээ авч үлдсэн өв соёл. Өв хөрөнгөдөө хүн өөрийн гэх зүйлээ нандигнаж явдагтай адил бид бүгд хамгийн том нийтээрээ эзэмшиж байгаа өв хөрөнгө бол монгол соёл зан заншил тэр дундаа монгол наадам. Үндэсний спортоор хичээллэдэг хүмүүс их байгаа. Тэд амьдралаа зориулаад явдаг. Хуультай болгож төрийн бодлогод гүнзгий оруулж өгмөөр байна. Наадмаар санаад бусад үедээ мартдаг. Аливаа үндэстэн, аливаа улс үндэсний спортоороо дамжиж мандан бадарч байдаг. Монгол эр хүнийг загварчилдаг монгол бөхчүүд хамгийн сайн хүн байх ёстой. Өнөөдөр 1000 бөх барилдуулаад цол өгөхөөс илүү 10 жилийн дараа монгол бөх ямар байх вэ гэдгийг бодолцож үзмээр байна" гэлээ.