
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Оюутолгойн ногдол ашгийг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа Засгийн газар буцаан татлаа
Засгийн газар баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө эргүүлэн татахаар болсон.
Оюутолгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээс нээлттэй асуухад 106 мянган иргэн санал өгсний 57 хувь нь Хуримтлалын сангаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал өгчээ. Харин 27 хувь нь Хуримтлалын санд хадгалах гэсэн санал гаргасан байна. Хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82,077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ.
Иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдээ татах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
УИХ 2027 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг зургаан байнгын хороогоор ороход гишүүдийн зүгээс ногдол ашгийн зарцуулалттай холбоотой 235 санал гарсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал
Зарчмын зөрүүтэй гэж нэрлэгдэж байгаа зарчмын бус саналууд ч бий. Оюутолгойтой хэлэлцээр хийж, ногдол ашиг авахаар тохиролцож үр дүнд хүрээд УИХ-аар үүнийг албажуулах гээд явж байтал гишүүдийн зүгээс 235 санал гаргаж байгаа нь Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байна гэж үзэж байна. Олж ирсэн нь буруудаж, ярьж байгаа, улстөржиж байгаа хүмүүс нь зөвдөнө гэж байхгүй. 17 жилийн дараа ногдол ашгийг олж ирсэн Засгийн газар “Яаж зарцуулахыг УИХ-аараа шийд” гэдэг байр суурьтайгаар төслийг өргөн барьсан чинь сүүлдээ явсаар байгаад танихын аргагүй боллоо. Монгол Улс хуультай орон учраас гурван их наядыг хуулиар албажуулаад авчихсан бол хэлэлцээр хийхдээ ийм хэмжээний ногдол ашиг авахаар төрийн эрх барих дээд байгууллагаараа шийдсэн гэж хэлэх байсан. Ногдол ашиг өгөхөөр шийдсэн ч хоёр тал санхүүгийн тооцоолол хийж, тоон дээрээ тохирч чадахгүй байна.Эрчим хүчнийхээ асуудлыг Оюутолгойн ногдол ашгаар шийдэж чадахаа болилоо. Гэхдээ би дараагийн замыг сонгоно. VI дулааны цахилгаан станцыг дотоодын бонд босгож, 50 хувийг нь санхүүжүүлнэ.
"Герман, Монгол Улс нь эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй"
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал нь Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Талууд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, анх удаа зохион байгуулж буй “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцов.
Түүнчлэн хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх, Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлалаа.
Цахим мөрийтэй тоглоомтой холбоотой зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилжээ
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгаж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг шалгаж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51.7 хувь нь хүлээлгийн горимд байна.
Төмс хураалт дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 87 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалт энэ долоо хоногийн байдлаар 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус, тус хураан аваад байна.
Газар тариалангийн бүс нутгуудаар 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд орсон хур тунадас болон нойтон цасны улмаас үр тарианы 64.0 мянган га, малын тэжээл 27.0 мянган га, тосны ургамал 43.0 мянган га талбайн хураалтын ажил түр зогсоод байна. Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ургац хураалтын урьдчилсан дүн аравдугаар сарын 30-ны өдөр гарна.