
Уганда улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад зорчсон түүхтэй, эх орондоо буцаж ирж буй иргэдээ 21 хоног тусгаарлахаар болсон тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Крис Барьёмунси ням гарагт мэдэгдлээ. Энэ нь Эбола вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг чангатгаж байгаатай холбоотой юм.
Уганда улс өнгөрсөн долдугаар сард Эболагийн хамгийн сүүлийн дэгдэлт дууссаныг зарласнаар халдваргүй орон болсон гэж мэдэгдсэн. Гэвч тус улсаар саяхан дамжин өнгөрсөн хоёр хүн хожим нь Кени болон Нигери улсад Эболагийн халдвартай болох нь батлагдсан нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Уганда улсын эрх баригчид Швейцарын дипломатчийн эхнэртэй холбоотой Нигерид бүртгэгдсэн халдварын тохиолдлыг шалгаж байгаагаа мэдэгдэв. Нигерийн Өвчний хяналтын төвийн мэдээлснээр, 42 настай эмэгтэй аравдугаар сарын 3-нд Угандагаас Этиопын нийслэл Аддис-Абебагаар дамжин Нигерийн нийслэл Абужад буцаж иржээ. Тэрбээр одоогоор тусгаарлалтад байгаа бөгөөд биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирсан аж.
Нигерийн Өвчний хяналтын төвөөс мэдээлснээр, халдвар авсан эмэгтэйтэй хавьтал болсон 53 хүнийг тогтоожээ.
Угандагийн холбогдох байгууллагууд Нигерийн эрх баригчид болон олон улсын түншүүдтэй хамтран вирусийн геномын дарааллын шинжилгээ, зорчсон маршрут, бусад хүмүүстэй харилцсан байдал болон хөдөлгөөний мэдээллийг нягталж байна.
Швейцарын эрх баригчид уг эмэгтэйг Уганда улсад байхдаа вирусийн халдвар авсан байх магадлалтай гэж мэдэгдсэн. Харин Эрүүл мэндийн сайд Барьёмунси энэ дүгнэлтийг няцааж, Швейцарын талын мэдэгдлийг “хэт яарсан” гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр, Угандагийн Баруун Нил мөрний бүс нутгаас ирсэн эмэгтэйн төрөл төрөгсөд Кампала хотын захын Касанга дүүрэгт түүнтэй уулзсан бөгөөд тэд өмнө нь Конго улсад зорчсон байжээ.
Барьёмунсигийн мэдээлснээр, Кенид бүртгэгдсэн Эболагийн халдварын тохиолдолтой холбоотой 60 хүн бүгд 21 хоногийн эрүүл мэндийн хяналтад байх хугацаагаа дуусгаж, хяналтаас гарсан байна.
Нигери улсад батлагдсан Эболагийн цорын ганц тохиолдлоос авсан вирусийн геномын шинжилгээгээр уг вирус нь Кенид анх бүртгэгдсэн өвчтөнөөс илэрсэн вирусийн омогтой генетикийн хувьд маш ойролцоо болох нь тогтоогджээ. Гэхдээ Нигерийн эрх баригчдын мэдээлснээр, Кенийн анхны өвчтөн Нигери улсад зорчсон, эсвэл Нигерид бүртгэгдсэн халдвартай шууд холбоотой байсан гэх нотлох баримт одоогоор байхгүй.