
АНУ, Израилийн Иранд явуулж буй дайныг зогсоох тохиролцоонд хүрэх зорилгоор Ираны хэлэлцээний баг ням гарагт Доха хотод Катарын зуучлагчидтай гурав дахь өдрөө хэлэлцээрээ үргэлжлүүлсэн тухай албаны хүн Ройтерс агентлагт ярьжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн санал хураалтаас өмнө АНУ Иранд шинээр цохилт өгөхгүй гэж мэдэгдээд Техрантай хийж буй хэлэлцээ үр дүнтэй байгаа гэжээ. Гэхдээ сонгуулийн дараа цэргийн ажиллагаа дахин явуулах боломжийг үгүйсгээгүй байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ням гарагт “үргэлжилж, ахиц гаргаж буй” хэлэлцээний зорилго нь Катарын зуучлагчидтай зөвлөлдөх ажиллагааг үргэлжлүүлэх явдал гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн Техран “батлан хамгаалах болон дипломат ажиллагааны аль алинд” бэлэн байгааг онцолсон байна.
Катарын “Аль Жазира” телевизийн мэдээлснээр Арагчи бямба гарагт өгсөн ярилцлагадаа Вашингтонтой тохиролцоонд хүрсэн тохиолдолд хоёр хоногийн дотор Ормузын хоолойг дахин нээх санал боловсруулах чиглэлээр Иран, Катарын хэлэлцээний багууд ажилласан гэж мэдэгдсэн юм.
Найман сар үргэлжилж буй дайн дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулж, Ойрхи Дорнодын бусад улс оронд нөлөөлсөөр байгаа энэ үед Иран дахин халдлагад өртвөл хөрш орнууд дахь АНУ болон Израилийн бай руу цохилт өгч хариу барина гэдгээ удаа дараа мэдэгдсэн.
Катарын албаны хүмүүстэй хийж буй хэлэлцээний талаар Арагчи “Бид энэ үйл явцад чадах бүхнээ хийж байна. Нөгөө тал мөн ухаалаг хандлага байж, бусад арга замаас илүүтэй дипломат ажиллагааг нэн тэргүүнд тавина гэж найдаж байна” гэж хэлжээ.
Ираны Дээд удирдагч Аятолла Можтаба Хаменеи бямба гарагт зэвсэгт хүчиндээ аливаа халдлагад бэлэн байхыг тушаасан бол тус улсын арми үүний дараа байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагаа зарласан.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Трамп Иранд дахин цохилт өгөх эсэхээ хараахан шийдээгүй байгаа ч мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхийг илүүд үзэж байна” гэжээ.