Худалдааны дайны аян шалтаг үүтгэж, Дональд Трампыг хөрш Мексиктээ хатуурахад хүргэсэн мансууруулагч фентанилын мөрөөр мөшгөсөн сэтгүүлчид энэ жил Пулитцерийн шагнал хүртлээ.

Ройтерс агентлагийн эрэн сурвалжлах багийн баримтжуулснаар Америкийн нийгмийн нэн тулгамдсан асуудал болох хямд, хялбар олдоцтой мансууруулагчийг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх найрлагыг Хятадаас ердөө 3600 доллароор худалдан аваад хамгийн багадаа гурван саяын үнэ хүрэх хар тамхи боловсруулах боломжтой аж. 1999 оноос хойш хар тамхи мансууруулах бодисын хэтийдсэн хэрэглээнээс болж Америкт нэг сая гаруй иргэн амиа алдсан. Тэр дундаа 2012 оноос Хятадаас үлэмж хэмжээний фентанил хууль бусаар нийлүүлэгдэх болсноор мансууруулах бодистой холбоотой үхлийн тоо эрс нэмэгдсэн юм. 2019 оны дүн мэдээгээр 71 000 орчим хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж байсан бол 2022 онд даруй 107 000 гаруй болж өсжээ.

Уг нь нэгдсэн улсын Хүнс, эмийн хяналтын алба (FDA) фентанилыг өвчин намдаах, мэдээ алдуулах зорилгоор эмчийн жорын дагуу хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин лабораторийн аргаар гарган авсан нийлэг бодисын тунг хэтрүүлсэн тохиолдол өдөрт 200 хүний амиар хэмжигдэж байна.'

Гурван тив, хоёр тэнгисийг дамнасан сүлжээ

Сэтгүүлчид мөрдлөгөө Хятадаас эхлүүлжээ. Зургаан долоо хоногийн өмнө захиалсан бодис Хятадын нийлүүлэгчээс “адаптер” гэсэн шошготой тал талхны хэмжээтэй цаасан хайрцагт савлагдан Мексик дэх хаягаар саадгүй ирэв. Хайрцаг дотор мэдээж адаптер бус харин фентанилын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох цайвар нунтагийг нэг кг-аар савлан тугалган уутанд хийж битүүмжилсэн байх аж. Ийм хэмжээний бодис үхлийн аюултай тунгаар 750 000 шахмал эм үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэнэ. Хятад жүжигчний зурагтай Telegram хаягаар захиалга авсан нийлүүлэгч илгээмжийн хөлсөнд 440 доллар шилжүүлэхийг сануулахдаа “Бид юу тээвэрлэж байгааг хэн ч мэдэхгүй” хэмээн бичихдээ агаарын тээвэрлэлт үнэгүй багтсаныг ч дуулгав. Энэ мэтээр сэтгүүлчид нэг жилийн хугацаанд фентанил үйлдвэрлэхэд ашиглаж болох 12 төрлийн химийн бодисыг бичил үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт худалдан авч чаджээ.

Пиперидин нэгдлүүд фентанилын бүтцийн гол цөм. Үүнийг бусад прекурсоруудын хамт химийн урвалд оруулснаар героиноос 50 дахин хүчтэй мансууруулах бодис бэлэн болно. Гэтэл фентанил үйлдвэрлэхэд ашигладаг ижил төрлийн химийн бодисууд нь үнэртэй ус, эмийн бүтээгдэхүүнээс эхлээд резин, будагч бодис зэрэг хууль ёсны үйлдвэрүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сэтгүүлчдийн мөрдлөгөө эхэлсэн Хятадын гүнд орших Жэжян мужийн жижиг үйлдвэрүүд гэхэд л интернэтээр дамжуулан синтетик өвчин намдаагчийн түүхий эдийг дэлхий даяар худалдан борлуулдаг. Эндээс гарсан бодис “Судалгааны зориулалттай” гэх бүртгэлтэй ч бодит байдал дээр АНУ болон бусад орны хар зах дээр очдог фентанилын эх үүсвэр болж буй. Хятадын үйлдвэрүүдээс гарсан химийн бодис Мексик рүү орж улмаар Синалоа, Жалиско зэрэг хар тамхины зартай картелүүдийн лабораторид боловсруулагдаад АНУ-ын хилээр нэвтрэхэд ердөө хоёр долоо хоног хангалттай.

Ройтерсийн сэтгүүлчид Мексикт ажиллахдаа гэмт бүлэглэлүүдийн фентанилаа боловсруулдаг лабораториудын ойролцоо байрлаж, нутгийн оршин суугчид болон хууль сахиулагчдаас мэдээлэл цуглуулахдаа эрсдэлтэй нөхцөл байдалтай олонтаа тулгарсан. Гэтэл хамгийн аймшигтай нь хэдэн мянган хүний амь насыг эрсдэлд оруулж буй мансууруулагчийг боловсруулахад химийн үндсэн мэдлэг, лабораторийн бага зэргийн ур чадвар л шаарддаг нь тэднийг үнэхээр цочирдуулжээ.

12 настайдаа сургуулиа орхиж хууль бус лабораторид дагалдан “фентанил тогооч” болсон мексик залуу “Энэ бол тахианы махтай шөл хийхтэй л адил” хэмээгээд хоёрхон орцоор фентанил шахмал эм гаргаж авах аргыг үзүүлжээ.

1960-аад онд Бельгийн химич Пол Янссений боловсруулсан аргачлал өвдөлт намдаах эмчилгээний шинэ нээлт болж анагаах ухаан фентанилтай хоршив. Героинтэй адил өндөр сэтгэл хөөрөл үүсгэдэг фентанилыг хэтрүүлэн хэрэглэх нь амьсгалын дутагдалд хүргэх эрсдэлтэй. Мэс заслын өвдөлт намдаах, тайвшруулах зорилгоор эмнэлгийн практикт өргөнөөр хэрэглэх болсон нь ч хууль ёсны дагуу байсан. Харин 1970-аад онд АНУ-ын гудамжинд фентанил агуулсан героин “Хятадын цагаан” нэрээр гарч иржээ. Жороор өвчин намдаагч олгох журмыг чангатгасан 2010-аад оноос хойш хууль бус фентанилын хэрэглээ бүр гаарав. Эхэндээ хууль бус фентанилыг Хятадад үйлдвэрлэж, нэгдсэн улсын нутаг дэвсгэрт нийлүүлдэг байсан ч 2019 онд Бээжин экспортоо зогсоосноор Мексикийн картелууд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг гартаа авчээ. Мэдээж Хятадын химийн үйлдвэрлэгчид картелүүдийг түүхий эдээр хангадаг болохыг дээр өгүүлсэн.

Хуулийн цоорхойгоор

Ерөнхийлөгч Дональд Трамп фентанилын хямралтай холбоотойгоор Хятадын бараа бүтээгдэхүүнд оноох гаалийн татвараа 145 хувиар нэмэгдүүлсэн худалдааны дайны гал түрдээ намжлаа. Ер нь Америкийн улстөрчид дотооддоо фентанилын хэрэглээ хэтийдсэнд Хятадыг буруутгасаар ирснийг Бээжин оргүй гүтгэлэг гэж үздэг. Олон улсын хар тамхины хяналтын зөвлөлийн статистик мэдээллээс харахад АНУ нь фентанил эмийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй өвчин намдаагчийн 80 хувийг америкчууд өөрсдөө хэрэглэдэг. Гэтэл мансууруулах бодисын эсрэг сурталчилгаа дутмаг, хүн амаа хамгаалах төрийн бодлого нь ч зөрчилтэй тухай Хятадын шүүмжлэл үндэстэй болохыг Ройтерсийн сурвалжилга илчилсэн юм. Тухайлбал, “de minimis” буюу 800 доллароос доош үнийн дүнтэй захиалгыг гаалийн хяналтгүйгээр оруулж болдог боломжийг олон жижиг үйлдвэрлэгчид ашиглан фентанилын түүхий эдээ АНУ руу “албан ёсоор” илгээж байжээ. Энэ тогтолцоо олон жилийн турш өөрчлөгдөөгүй байсан бөгөөд “Fentanyl Express” нийтлэгдсэний дараа л анхаарлын төвд орж, Конгрессийн түвшинд авч хэлэлцсэн юм. Хятадын Засгийн газар ч зарим химийн бодисын экспортыг хязгаарлах алхам хийсэн нь анхны бодит өөрчлөлтүүдийн нэг.

Өвчин намдаагчийн хэрэглээг хазаарлаж чадахгүй байгаа удаах шалтгаан нь эм үйлдвэрлэгч томоохон корпорациудын нөлөөгөөр фентанилийн наймаатай тэмцэх хуулийн төсөл парламентын босго давж чадахгүй удаа дараа бүтэлгүйтсээр иржээ.

Импортын болон дотооддоо үйлдвэрлэж буй химийн найрлага бүхнийг хатуу чанд хориглох нь мэдээж боломжгүй зүйл. Гэхдээ Ройтерсийн багийнхан эдгээр химийн бодисыг худалдан авч, туршилтаар шахмал эм үйлдвэрлэн хүнсний бүтээгдэхүүний савлагаараа далдлаж энгийн шуудангаар АНУ-д авчрах зам мөр хэчнээн хялбар болохыг өөрсдийн гараар нотлон харуулж чадсан юм. Хууль сахиулах байгууллагууд сүүлийн хэдэн жил фентанилын хямралтай тэмцэх оролдлого хийж буй ч энэ нь одтой тэнгэр рүү чулуу шидсэнтэй адил үр дүнгүй байгааг төрийн хяналтын цоорхойг нэг бүрчлэн илчилсэн баримт нь ч тодорхой харуулав.

Сэтгүүл зүйн үүрэг

АНУ-ын Эрүүл мэндийн албадын мэдээллээр зөвхөн 2024 онд 74 000 хүн фентанил төрлийн бодист хордож нас барсан. Энэ бол өдөрт 200 орчим хүний амь гэсэн үг. Сэтгүүлчид энэ статистикийг зөвхөн тоо биш харин амьдрал, гэр бүл, уй гашуугаар илэрхийлэхийг зорьжээ. Тэд хэдэн арван гэр бүлтэй уулзаж, хайртай хүмүүсээ алдсан түүхүүдийг дэлгэн нийгэмд харанга дэлдэж чадлаа.

Ройтерс агентлагийн ерөнхий редактор Алессандра Галлони

“Энэхүү нийтлэлээрээ бид гагцхүү үнэнийг илчлэх, эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээлгэх зорилго агуулсан. Энэ бол амьдрал аварсан сэтгүүл зүй”

Үнэхээр ч “Fentanyl Express” эрэн сурвалжилгаас илүүтэй хүний амь, гэр бүлийн зовлон, улс төрийн шийдвэр, олон улсын хууль тогтоомж, гэмт хэргийн сүлжээ, сэтгүүл зүйн нийгмийн үүрэг хариуцлага зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг хөндсөн, бодитой өөрчлөлт авчирсан мэдээлэл болсон. Нийтлэл гарснаас хойш АНУ-ын Гаалийн байгууллага импортын жижиг багцын хяналтад шинэ стандарт нэвтрүүлж, Хятадын онлайн худалдааны платформуудыг мөрдөн шалгах ажиллагаа эхэллээ.

Фентанилын хямрал одоо ч үргэлжилсээр байгаа. Гэхдээ сэтгүүлчдийн эр зориг, үнэнийг хайх чин эрмэлзэл нь нийгмийн эмгэгийг эдгээх эхний алхам болсон нь эргэлзээгүй билээ.