
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 575 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
НЭГ. Таамаг ба процесс
Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулах учиртай. Харин хуралдаж чадахгүй бол төр гацаж, Үндсэн хуулийн хямрал руу түлхдэг. Дефакто АН-ын бүлэг УИХ-д олонх болсныг энэ хаврын чуулган бидэнд харуулж байна. Уг нь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй, парламентын 54 хувийг дангаар бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоод хуваагдалгүй бол тэд ирцээ дангаараа ч бүрдүүлчих боломжтой нам. Гэтэл өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулж, сонгуульд ялагдсан намуудыг сугандаа хавчуулсан хэр нь чуулганы ирцийг бүрдүүлж чадахгүй байна гэхээр дотоод хуваагдал нь ямар гүнзгийг харж болно. Засагт хамтарсан найман суудалтай ХҮН (парламентын 6.3 хувь), дөрвөн суудалтай ИЗНН-аа (парламентын 3.2 хувь) оруулаад ч ирц бүрдэхгүй байна гэхээр огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, чөлөөлөгдсөн спикер Д.Амарбаясгалан нар МАН-ын бүлэг дотор ямархуу дэмжлэгтэй нь харагдана.
Нэгэнт л АН-ын бүлэг болон Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан чуулганы ирцэнд орохгүй л бол УИХ хуралдаж чадахгүй хэвээр байна. Харин ямар тохиолдолд ирц бүрдэж, парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нээгдэх вэ?
Нийтлэлч Ч.Гангэрэлийн "Гацааг арилгах гаргалгаа" нийтлэлээс
ХОЁР. Тэд хайнаа хагалж чадах уу
Гуравдагч хүчнээс хамгийн олон удаа парламентад төлөөлөлтэй явсан ганц нам бол ИЗНН. Тус нам 2000 онд байгуулагдсанаасаа хойш 2016 он хүртэл парламентад суудалтай байж, зарим үед төрийн эрхийг ч барилцаж байсан. Үүнээс хойш хоёр сонгууль өнжсөний эцэст 2024 онд тэд дөрвөн гишүүнтэйгээр эргэн ирээд буй. ИЗНН байгуулагдсаны 26 жилийн ой энэ сарын 12-нд болж, баярын хурлаа хийв. Гэтэл үүнтэй зэрэгцээд энэ намын хэсэг гишүүн Онц их хурал зохион байгуулж, дарга Б.Батбаатарыгаа “хөөх” нь тэр. Туг барьж, Засгийн газарт багтаж явсан он жилүүддээ ч дотроо талцаж үзээгүй, харьцангуй нэр цэвэр эл намынхан 26 жилийн ойн дээрээ ийнхүү хоёр хуваагдаад байна.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртох хэрээр Төрийн тэргүүнд нэр дэвших хүсэл сонгогдсон дөрвөн гишүүнийх нь 50 хувьд “оволзож” эхэлсэн аж. Б.Батбаатарын хувьд намын дарга учраас нэрээ дэвшүүлэх нь зүй. Харин Р.Батболд хэмээх гишүүн хэний захиалгаар ажиллаад, гэнэт “хэлд орсон” нь анхаарал татна.
Нийтлэлч С.Туулын "ИЗНН дахь талцал хэний явуулга вэ" нийтлэлээс
ГУРАВ. Хувьсал
Энэ оны эхээр ганцаараа амьдардаг залууст зориулсан аппликэйшн БНХАУ-д шуугиан тарьсан. “Чи үхчихсэн үү” гэх содон нэртэй тус хэрэглүүрийн концепц тун энгийн. Хэрэглэгч хоёр өдөр тутамд нэг удаа аппликэйшнд амьд байгаагаа мэдэгдэж, ногоон товчлуур дарна. Хэрэв энэ баталгаажуулалтыг хийлгүй гурав хоновол аппликэйшн тухайн хүний бүртгүүлсэн дугаарт аюулгүй байдал нь алдагдсан байж болзошгүй тухай мэдээлэл илгээдэг байна. Тус аппликэйшн хамгийн их татагдсан төлбөртэй аппликэйшнаар нэрлэгдсэн төдийгүй хэрэглэгчийн дийлэнхийг залуучууд эзэлж байгаа нь олны анхаарлыг татаад буй. Уг үйл явдлын дараа Хятадад нийгмийн бүтэц өөрчлөгдөж, уламжлалт амьдралын хэв маяг улам алсарч байгаа талаарх өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн. Мөн ганц бие хүнд чиглэсэн бүтээгдэхүүн эрэлттэй байгааг, ганцаардлын эдийн засаг эрчимжиж буйг ч олон нийтэд онцлох болжээ. Үүнээс гадна, Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Ай ни лаожи” гэх гарчигтай нийтлэлүүд шуугиан тарьсан бөгөөд энэ нь хамгийн хайртай, сайн найз болох өөртөө мөнгө зарцуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авлаа гэх агуулгатай акц юм. Өөрийгөө арчилж, өөрөө өөрийгөө эмчилж, өөрийгөө л хайрлах тухай агуулга ийн өргөн хүрээнд тархаж, ганцаараа амьдардаг иргэд олширч байгаатай холбоотойгоор тус улсад нэг хүнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. Хоол үйлчилгээний газрууд ганцаараа хооллоход зориулсан хэсэг бий болгон, нэг хүний меню бэлтгэж, караоке, шөнийн цэнгээний газрууд ганц хүнд зориулсан өрөө, ширээ зэхэх болов. Мөн хүргэлтийн хоол бэлтгэдэг газар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг бүхий л субъект нэг хүнд чиглэсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнд онцгой анхаардаг болжээ.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Ганцаардлын эдийн засаг" нийтлэлээс
ДӨРӨВ. Амь насаа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөг олгоно
УИХ-ын гишүүдээс гадна одоо бүр Засгийн газар дангаараа зөвхөн малчдыг хайрлаж хамгаалсан шийдвэр гаргадаг боллоо. Тухайлбал, саяхан Гамшиг болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам батлав. Уг журамд заасны дагуу гамшиг болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчны ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байхаар болов. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа.
Малынхаа араас явж байгаад байгалийн гамшигт өртөж амь насаа алдана гэдэг үнэхээр харамсалтай ч энэ бол хариуцлагын асуудал. Цаг агаарын мэдээллийг бүрэн авах, өвс тэжээлээ бэлтгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, дулаан хувцаслахаас эхлээд бэлтгэлээ сайн хангах нь тухайн малчны хариуцлага. Зөвхөн малчин гэлтгүй тээврийн жолооч, байгаль хамгаалагч, уурхайчин, геологич, тариаланч гээд хувийн бэлтгэлээ сайн хангаагүй хэн ч байгалийн гамшигт өртөж амь насаа алдаж болно. Гэтэл Засгийн газар зөвхөн амиа алдсан малчны ар гэрт нөхөн олговор олгох журам баталж малчдыг л хайрлан халамжлах бодлогоо үргэлжлүүлэв. Малчид л хүн бусад нь хүн биш гэж боддог гэлтэй.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн "Малчдаас бусад нь хүн биш" нийтлэлээс
ТАВ. Сүх далайтал үхэр амар
Монголчуудын суурин иргэншилд дадсан түүх бусад орнуудтай харьцуулахад тун өчүүхэн. Талын нүүдэлчид харин аливааг хурдан сурдаг, дасан зохицдог онцгой чанартай учраас энэ тал дээр харьцангуй хурдан суралцаж, дэвшиж байгаа. Гэвч зуухан жилийн өмнө хүн малгүй нүүдэллэж явсан улс хол замд гарах дуртай хэвээр. Аян замын гудас эвхэж насны хоногоо элээхийг ер хүн бүр хүсдэг байж мэднэ. Гэвч өвлийн улиралд шуурганы улмаас зам, даваа хаагдаж, зун үер борооны шалтгаанаар газрын хөрс эвдэгддэг. Хамгийн гол нь яг тэр үеэр замд явж таарсан хүмүүсийн амь нас эндсэн талаар харамсалтай мэдээнүүд хөврөх нь бий. Анзаараад байхад уулын чулууд өөрөө сугараад өнхөрдөггүй шиг болзоогүй ирдэг байгалийн үзэгдэл өнөө цагт ховор болсон. Учир нь цаг уур, орчин шинжилгээний газраас хэд хоногийн өмнөөс л анхаарал, болгоомжтой зорчихыг сануулдаг.
Үер усны аюул ч ялгаагүй. Зуны улирал айлчлах сургаар л манайхан майхан саваа ачаад байгалийн сайхныг зорин давхицгаадаг. 2025 оны долоодугаар сарын дундуур гэхэд л усны ослоор 16 хүн амиа алдсан. Түүний өмнөх онд 74 хүн усанд эндэж амиа алдсаны 14 нь хүүхэд байсан. Өр нимгэн гэх монголчуудын нулимс нүднийхээ аянганд сул асгармаар гашуун мэдээ. Гэтэл бүгд л үер усны сэрэмжлүүлгийг үл хайхран томоохон нуур, голын эрэгт майхнаа бариад тухалж хэвтэцгээдэг. Ёстой л сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэр. Аюулын сэрэмжлүүлгийг үл анхаарсны горыг үр хүүхэд, анд найз, аав ээж, амраг ханийхаа алтан амийг эрсдүүлж амсана.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Монголчуудын "үхэр" зан" нийтлэлээс
ЗУРГАА. Жолоочийн хариуцлагын даатгалаар зоологсод
АНУ-д хамгийн томд тооцогдох даатгалын зах зээл Калифорни мужид хамаардаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд шил дараалан “нүүрлэсэн” ой хээрийн түймрийн улмаас даатгалын компаниуд зах зээлээс шахагдах болжээ. Мужийн албаныхан уг нөхцөл байдлыг зохицуулахаар тусгайлан авсан арга хэмжээний нэг нь иргэдийн даатгалыг цуцлахыг хориглосон журам баталсан явдал байлаа. Даатгалын компаниуд түймрийн улмаас учирч буй хохирлыг даах чадваргүй болж, эрсдэлээ хязгаарлахыг эрмэлзэж байгаа нь тус мужийн оршин суугчдыг даатгалын хамгаалалтгүй байдалд оруулсан юм.
Даатгал гэдэг бодит амьдралд ямар чухал болохыг, иргэдийг төдийгүй улс орны эдийн засгийг ч хамгаалах механизм гэдгийг Калифорнийн түймрийн дээрх жишээ харуулдаг. Харин монголчуудын хувьд даатгал гэдэг бол луйвар, төр нь хувийн хэвшлийнхний лоббигоор “албадсан” залилан болж хувирсан.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Даатгал үнэхээр даатгадаг уу" нийтлэлээс
ДОЛОО. Хуваарилалтаас хуримтлал руу
Нийгмийн даатгал нь ажиллаж, мөнгө олох боломжтой үедээ хуримтлал үүсгэх замаар өндөр настай болохоороо ашиглах, хуримтлалаа үүсгэх зориулалттай ч манайд ингэж хэрэгждэггүй. Орлогоороо зардлаа нөхдөг хуваарилалтын тогтолцоотой. Нийгмийн даатгал төлдөг 10 хүнд ногдох тэтгэвэр авагчийн тоо 2020 онд дөрөв, 2024 онд тав байсан бол 2030 онд энэ харьцаа долоо болж нэмэгдэх тооцоолол бий. Нэг талаар тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар бий болгох бол нөгөө талд зардлаа дааж хүчрэхгүй байгаа төсвийн ачааллыг бууруулах түлхэц юм.
2024 оны байдлаар нийгмийн даатгалын сангаас 509.1 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 81.4 хувь нь өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээр хүмүүсийн тэтгэвэрт жилдээ 3.8 их наяд төгрөг олгожээ. Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж 2024 оноос эхлэн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлж байгаа. Үүнээс гадна шимтгэлд суурилсан нийгмийн даатгалын тогтолцоо бүрдэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэд, цэргийн алба хаагчдын тэтгэвэр болон зарим иргэний тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцдаг байжээ. Эдгээр зардалд болон тэтгэврийн санд улсын төсвөөс 2022 онд 840 тэрбум төгрөг, 2023 онд 760 тэрбум төгрөг, 2024 онд 1.2 их наяд төгрөг олгосон бол өнгөрсөн онд 1.5 их наяд төгрөгт хүрчээ. Улмаар 2030 онд 3.7 их наяд, 2035 онд 5.7 их наяд төгрөгт хүрэх тооцоо гарсан байна. Энэ мэт тоо баримтууд тэтгэврийн шинэчлэл, олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог бий болгох шаардлага зүй ёсоор тулгарсныг харуулна.
Нийтлэлч М.Мөнхжаргалын “Тэтгэврийн реформ”-ын эхлэл нийтлэлээс
НАЙМ. Бүдэг төлөвлөгөө
Иран улс АНУ руу түрүүлж довтлох гэж байсныг батлах хангалттай баримт нотолгоо бий гэх ч хуурай замын цэргийн хүч ашиглахад Конгрессийн зөвшөөрөл шаардлагатай тул Дональд Трамп бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа явуулж төвдөхгүй. Хууль тогтоох байгууллагын завсрын сонгууль дөхсөн үед ард түмний зөвшөөрөлгүй дайн хийсэн хэрэгт холбогдвол Бүгд Найрамдах намын ялагдал тун ойрхон. Уг нь Ираны довтолгоогоор Дональд Трамп дэлхий нийтэд цэргийн давамгайллын гайхалтай үзүүлбэр толилуулахаар зэхсэн юм.
Хариуд нь Исламын Бүгд Найрамдах Улс дэлхийн эдийн засагт газрын тос, байгалийн хийн урсгалыг хязгаарласнаар долларын ханш суларч, Америкийн хэрэглэгчид зөрүүг нь хэтэвчээрээ төлж байна. Энэ тохиолдолд Трамп инфляцыг ялан дийлсэн тухай сайрхах нь олон сонгогчдод доромжлол мэт сонсогдох нь дамжиггүй.
Нийтлэлч С.Лхагвасүрэнгийн “Биелэгдэшгүй даалгавар: Иран” нийтлэлээс
ЕС. Ираны шигшээ баг дэлхийн чансааны 20-д
Канад, Мексик, АНУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 80 хоног үлдээд байна. Ирэх зургаадугаар сарын 11-ний өдөр “А” хэсгийн Мексик-Өмнөд Африкийн тоглолтоор энэ жилийн ДАШТ эхлэх юм. Үүнээс ердөө дөрөв хоногийн дараа Лос-Анжелест “G” хэсгийн Иран-Шинэ Зеландын тоглолт болох учиртай. Гэхдээ Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас зарим тоглолтын байршлыг өөрчлөх асуудал яригдаж эхэллээ. Хэрвээ мөргөлдөөний асуудал улам даамжирвал Ираны хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхиход ч бэлэн болжээ. Иймээс анх удаа өрсөлдөх 48 баг бүрэн тодрохоос өмнө тоглолтын хуваарийг өөрчлөх үү, эсвэл Иран тэмцээнээс хасагдах уу гэдэг асуулт олон улсын анхаарлыг татаж эхлэв. Энэ хэрээр Канад, Мексик, АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын хуваарьт өөрчлөлт орох уу гэсэн асуултын хариуг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ ирэх сард эцсийн байдлаар өгөх боллоо. Хэрвээ Ираны шигшээ баг хасагдах бол Ази тивийн аль баг орлох вэ гэдэг нь ФИФА-гийн шийдвэрээс шалтгаалах юм. Ийнхүү Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас хөлбөмбөгийн ертөнцөд том өөрчлөлтүүд гарсаар байна.
Нийтлэлч Ч.Болорчулууны "Хөлбөмбөгийн ДАШТ ба геополитикийн эрсдэл" нийтлэлээс
АРАВ. Шинэ үеийн дижитал айдас
Бид гэрийнхээ хаалгыг түгжээд суухдаа өөрийгөө аюулгүй, хувийн орон зайдаа байна гэж итгэдэг. Гэвч гар утсаа нээж, сошиал медиа руу нэвтрэх төдийд л бидний хувийн орон зай аль хэдийнэ нээлттэй “цонх” болон хувирдаг. Учир нь сошиал орчинд бидний хуваалцсан зураг, бичвэр, харилцаа холбоо нь зөвхөн дурсамж төдийхнөөр хадгалагдан үлддэггүй. Эдгээр мэдээлэл платформуудын алгоритмаар боловсруулагдаж, хэрэглэгчийн сонирхол, зан төлөвийг тодорхойлох нэгэн төрлийн “өгөгдлийн нөөц” болон хувирдаг байна. Улмаар энэ өгөгдлийг зар сурталчилгааг чиглүүлэх, хэрэглэгч бүрд ямар контент, мэдээлэл харагдахыг шийдэхэд ашигладаг маркетингийн чухал хэрэгсэл болгож ашигладаг аж. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү өгөгдөл зөвхөн маркетингийн хэрэгсэл байхаа больж, буруу этгээдүүдийн гарт орвол аюултай “дижитал зэвсэг” болж хувирах эрсдэл бий болсныг мэргэжилтнүүд анхааруулах болжээ. Тухайлбал, өсвөр насныхны сошиал орчинд итгэж хуваалцсан энгийн зургуудыг хиймэл оюун ухааны (AI) технологи ашиглан өөрчилж, хуурамч эмзэг контент мэт харагдуулдаг “sextortion” хэмээх цахим гэмт хэрэг олон улсын хэмжээнд эрчимтэй нэмэгдэж байгааг кибер аюулгүй байдлын байгууллагууд анхааруулж буй. Тодруулбал, 2024 онд АНУ-ын Сенатад болсон технологийн компаниудын сонсгол уг гэмт хэрэг хэр ноцтой түвшинд хүрч, анхаарал хандуулах шаардлагатай болсныг нотлон харуулсан юм. Уг сонсголын үеэр Meta компанийн тэргүүн Марк Зукерберг сошиал платформуудтай холбоотой мянга мянган цахим дарамт, мөлжлөгийн улмаас хохирсон гэр бүлүүдээс биечлэн уучлалт гуйсан нь дижитал орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудал зөвхөн гэр бүлийн хүрээний биш, олон улсын хэмжээнд ноцтой хэлэлцэх сэдэв болсныг илтгэсэн.
Нийтлэлч И.Сарангоогийн "Цахим цонх" нийтлэлээс