
Япон улсын эрх баригчид даваа гарагт Ивата мужийн эргээс хол 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа илүү хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг анхааруулж, зүүн хойд бүсийн оршин суугчдыг бэлэн байдалд байхыг уриаллаа. Уг газар хөдлөлтийн дараа өргөн бүс нутгийг хамарсан цунами үүссэн байна.
Японы Цаг уурын агентлаг болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтарсан хэвлэлийн бага хурлаар Хоккайдоос Чиба хүртэлх 182 хот, суманд онцгой анхааруулга гаргалаа.
Японы Цаг уурын агентлаг 2022 оноос эхлэн Иватэ болон Хоккайдогийн эргийн ойролцоо 7 магнитудын газар хөдлөлт болвол илүү хүчтэй дараагийн газар хөдлөлт болох магадлалтай гэж үзэн “дараагийн газар хөдлөлтийн анхааруулга” гаргах систем нэвтрүүлсэн. Өмнө нь ийм тохиолдлууд гарч байсан юм.
8 магнитуд ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болох магадлал ердийн үеэс өндөр боловч ойролцоогоор 1 хувь буюу хэвийн үеийн 0.1 хувиас 10 дахин их гэж тус агентлаг мэдээлжээ.
Хэрэв томоохон газар хөдлөлт болбол дагалдах цунами үүсэх магадлалтайн дээр жижиг хэмжээний газар хөдлөлтүүд ч мөн үргэлжлэх аюултай аж.
Сүүлийн удаа ийм анхааруулгыг 12-р сард Аомори мужийн зүүн эргийн ойролцоо 7.5 магнитудын газар хөдлөлтийн дараа гаргаж байжээ. Одоогийн анхааруулга 4-р сарын 27-ны 17:00 цаг хүртэл хүчинтэй.
Даваа гарагийн газар хөдлөлт 16:52 цагт Иватэ мужийн эргээс 100 км зайд, 20 км-ийн гүнд болсон бөгөөд Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр Аомори, Иватэ, Мияги мужийн зарим хэсэгт Японы хэмжүүрээр 5-аас 7 баллын хүчтэй мэдрэгдсэн байна.
Toкио болон ойр орчимд барилгууд хэдэн минут савласан 3 баллын чичиргээ бүртгэгджээ.
NHK мэдээлснээр Иватэ мужийн Мориока хотод 80 гаруй настай эрэгтэй, Аомори мужийн Tохоку сууринд 20 гаруй настай эмэгтэй хөнгөн гэмтэл авсан байна. Мөн Аомори мужид сургууль, ресторан зэрэг 26 орон сууцны бус барилга байгууламж эвдэрчээ.
Даваа гарагийн газар хөдлөлтийн чичиргээний эрчим болон голомтын байршлыг цаг уурын агентлагийн газрын зураг дээр харуулжээ. |Японы Цаг уурын агентлагГазар хөдлөлтийн улмаас Иватэ мужийн Кужи боомтод 80 см, Мияако боомтод 40 см өндөр цунами бүртгэгдлээ. Хоккайдо арлын Уракава сууринд 40 см, Аомори мужийн Хачинохэ боомтод 30 см, Мияги мужийн Эримо болон Аюукава боомтуудад 20 см өндөр цунами ажиглагдсан байна.
Нөлөөлөлд өртсөн бүсүүдэд JR Hokkaido-ийн зарим галт тэрэг цуцлагдсан ч Саппоро орчимд, тэр дундаа Саппоро–Шинэ Читосэ нисэх буудлын хоорондын чиглэл хэвийн ажиллаж байв.
Хоккайдо болон Иватэ, Аомори, Мияги, Фүкүшима мужуудад нийт 172 000 орчим хүнд нүүлгэн шилжих тушаал өгсөн талаар NHK Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлжээ.
Анх уг газар хөдлөлтийн дараа 3 метр хүртэл давалгаа үүсэх магадлалтай цунамигийн анхааруулга гарсан ч орой нь цуцлагдсан байна.
Телевизийн мэдээллийн хөтлөгчид иргэдийг гол, далайн эргээс хол өндөрлөг газар руу яаралтай нүүхийг уриалж, “3/11-ийн гамшгийг санаарай” гэж анхааруулсан. NHK сувгаар англи хэлээр “Tsunami! Evacuate! Don’t turn back.” буюу “Цунами! Нүүлгэн шилж! Буцаж бүү эргэ” гэсэн анхааруулга гарч байв.
Энэ нь 2011 оны 3-р сарын 11-ний их газар хөдлөлт, цунамиг сануулж байгаа бөгөөд тухайн үед 20 мянга орчим хүн амь үрэгдэж, 125 мянга орчим хүн нүүлгэн шилжүүлэгдэж байсан юм.
Японы Цаг уурын агентлагийн албаныхан ойрын долоо хоногт, ялангуяа ойрын 2–3 хоногт дахин хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэйг онцлон анхааруулжээ. 2015 онд Санрикугийн эрэг орчимд 6.9 магнитудын газар хөдлөлтийн дараа гурав хоногийн дараа 6.5, тав хоногийн дараа 6.4 магнитудын газар хөдлөлт болж байсан жишээг дурдсан байна.
Мөн ойрын өдрүүдэд бороо орох төлөвтэй байгаа тул хөрсний гулгалт зэрэг хоёрдогч эрсдэлүүд ч үүсэх магадлалтайг анхааруулжээ.
Ерөнхий сайд Санаэ Такаичи иргэдийг өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг зөвлөсөн ч шаардлагатай үед нэн даруй нүүхэд бэлэн байхыг анхаарууллаа.
Тохоку хурдны галт тэрэгний шугам өнөөдөр өглөө үйл ажиллагаагаа сэргээсэн бол Акитагийн хурдны галт тэрэгний шугмын зарим хэсэгт түр хугацаанд зогссон байв.
Tokyo Electric Power Company Holdings Фүкүшима-1, Фүкүшима-2 болон Онагава атомын цахилгаан станцуудад ямар нэгэн доголдол илрээгүй гэж мэдэгдсэн.
Мөн Японы Цаг уурын агентлаг Акита мужид удаан үргэлжлэх газар хөдлөлтийн долгионы 3-р түвшний чичиргээ ажиглагдсан гэж мэдээлэв. Энэ нь хүн зогсоход хүндрэлтэй, тавилга хөдөлж, унах эрсдэлтэй түвшин юм.