
Цахим орчинд “Алтны захиалга эхэллээ”, “Алтан эдлэл захиалга”, “10 грамм алт захиалбал 1 грамм алт бэлэглэнэ” зэрэг хэт өндөр урамшуулал амласан зар, сурталчилгаа нийтэлж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авч залилсан тохиолдол удаа дараа бүртгэгджээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний өдөр БНСУ-аас хямд үнээр алт захиалж өгнө гэх зар байршуулж 24 иргэнийг залилсан тохиолдол бүртгэгджээ. Энэ хэргийн улмаас иргэдэд нийт 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хэрэгт холбогдох этгээдийг шуурхай илрүүлэн саатуулжээ.
Иймд иргэд цахим орчноос алт, алтан эдлэл худалдан авах, захиалахдаа тухайн эдлэлд Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягталж шалгахыг зөвлөв. Мөн алт, үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэл худалдаалж буй этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон холбогдох зөвшөөрөлтэй эсэхийг заавал шалгахыг зөвлөлөө.