
Прокурорын байгууллага энэ сарын 6-ны байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 603 хүнд холбогдох 286 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс дөрвөн хүнд холбогдох гурван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, шүүхээс уг дөрвөн хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, хоёр жилийн хугацаагаар хорих ял болон 2.7-6 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:
Н.Т нь “М...” ХХК, “З...” ХХК, , “М...” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн бараа материалын нийт 17 удаагийн гаалийн мэдүүлэгт зөрчилгүй мэтээр хяналт шалгалт хийлгэж, давуу байдал бий болгожээ.
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-д 2026 оны нэгдүгээр сарын 15, 16-нд арилжааны банкин дахь бусдын дансаар дамжуулан 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.Т-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.