
Израилийн найруулагч Юваль Абрахам, Рэйчел Сзор нарын бүтээсэн “Naza” баримтат кино Нью-Йоркийн кино наадамд Хойд Америкийн нээлтээ хийлээ. 77 минутын уг бүтээл Израилийн Газын дайнд ашиглаж буй байлдааны болон тагнуулын системүүд, тэр дундаа хиймэл оюун ухаанд тулгуурласан системийн талаар өгүүлжээ.
Тус киноны Нью-Йорк дахь нээлт нь зөвхөн кино урлагийн үйл явдал бус улс төрийн маргаантай зэрэгцэн өрнөжээ. "Линкольн төв"-д болсон хоёр өдрийн үзвэрийн тасалбар маш хурдан дуусаж, театрын гадна киноны талаар эсэргүүцсэн болон уран бүтээлчдийг дэмжсэн хоёр талын жагсаал болсон байна.
Киноны шүүмжлэгчид болон уран бүтээлчид үүнийг Газын дайны талаарх мөрдөн сурвалжилга, баримтат киноны хэлбэрийг хослуулсан бүтээл гэж үзэж байгаа бол Израилийн зарим байгууллага, албан тушаалтнууд кино бодит байдлыг гуйвуулсан, 2023 оны аравдугаар сарын 7-ны ХАМАС-ын халдлагын нөхцөл байдлыг хангалттай тусгаагүй гэж шүүмжилжээ.

Найруулагчдад Израильд иргэншлийг нь цуцлах тухай улс төрийн дарамт, заналхийлэл тулгарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд "International Documentary Association" тэдний эсрэг заналхийллийг зогсоохыг уриалсан байна. Кино есдүгээр сарын 30-наас АНУ-ын кино театруудаар гарч эхлэх бөгөөд цаашид 50 гаруй оронд түгээгдэнэ. Мөн тус бүтээлийг арваннэгдүгээр сарын сүүлээр "The Guardian"-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ.