
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайны асуудлаар Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитай уулзах үеэрээ Дэлхийн II дайны үеийн Пёрл Харборын гэнэтийн довтолгоог дурдсан нь анхаарал татсан үйл явдал боллоо.
Өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Трампыг Иранд цохилт өгөх төлөвлөгөөгөө Япон зэрэг холбоотнууддаа яагаад урьдчилан мэдэгдээгүй талаар асуухад тэрбээр “Бид гэнэтийн довтолгоо хийхийг хүссэн. Гэнэтийн зүйл гэдгийг Япончуудаас илүү сайн мэдэх хэн байх билээ? Пёрл Харборын талаар яагаад надад хэлээгүй юм бэ?” хэмээн Такаичид хандан хэлжээ.
Пёрл Харборын довтолгоо нь 1941 онд Япон улс АНУ-ын тэнгисийн цэргийн бааз руу гэнэтийн довтолгоо хийсэн үйл явдал юм.
Трамп мөн “Япончууд та нар гэнэтийн довтолгоонд биднээс илүү итгэдэг байх” гэж нэмж хэлсэн бөгөөд Японы Ерөнхий сайд бага зэрэг эвгүй байдалд орсон харагдсан байна.
Ормузын хоолойн асуудал
Уулзалтын үеэр Трамп Японоос Ормузын хоолойг хамгаалахад илүү идэвхтэй оролцохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Тус хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг 20 хувь дамждаг стратегийн чухал бүс юм. Гэвч Иран уг хоолойн хөдөлгөөнийг бараг зогсоосноор дэлхийн нефтийн үнэ огцом өсөөд байна.
Такаичи энэ асуудлаар “Иран хөрш бүс нутгууд руу довтолж, Ормузын хоолойг хаасан нь буруу” хэмээн буруутгасан ч дайны улмаас “дэлхийн эдийн засагт асар их цохилт ирнэ” хэмээн анхааруулжээ.
Япон улс 1947 оны Үндсэн хуулиараа дайнаас татгалзсан, энх тайвны чиг баримжаатай улс тул цэргийн оролцоо нь хязгаарлагдмал хэвээр байна. Трамп Японыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч НАТО-г шүүмжилж “НАТО-оос ялгаатай нь Япон улс үнэхээр идэвхтэй оролцож байна” гэжээ.
Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн байр суурийг ойлгоход хэцүү болгосон зөрчилтэй мэдэгдлүүд хийж, нэг талаар АНУ ганцаараа Ормузын хоолойг хянах боломжтой гэж хэлсэн бол нөгөө талаар бусад улсууд оролцох ёстой хэмээн шаардсан байна.