
Өөрийгөө номлогч хэмээн зарласан Кенийн иргэн Пол Маккензи болон түүнтэй холбоотой долоон хүнд өнгөрсөн жил Кенийн зүүн өмнөд хэсгээс илэрсэн олон арван хүний үхэлтэй холбогдуулан нэмэлт ял тулгалаа.
Кенийн Прокурорын газар X сүлжээгээр дамжуулан мэдээлэхдээ Маккензи болон бусад шүүгдэгчдэд “зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагаа, хоёр удаагийн хэт даврагч үзэл сурталд уриалсан хэрэг, хоёр удаагийн террорист үйлдэл үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэх үндэслэлээр ял тулгасан гэжээ. Энэ нь Килифи мужийн Чакама бүсийн Ква Бинзаро орчимд 52 хүний нас барсан хэрэгтэй холбоотой юм.
Шүүгдэгчид өөрсдөд нь тулгасан ялыг эсэргүүцсэн бөгөөд дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 4-нд товлогджээ.
Прокурорын байгууллагын мэдээлснээр тэд засгийн газрын эрх мэдлийг үгүйсгэсэн туйлширсан итгэл үнэмшлийг сурталчилж, төрийн эсрэг хэт даврагч үзэл түгээж, террорист шинжтэй үйлдэлд дэмжлэг үзүүлсэн байна.
Маккензи болон бусад этгээдүүд өмнө нь Шакахола ойгоос ухаж гаргасан олон зуун цогцостой холбоотойгоор хүн амины хэрэг болон “терроризм”-ын зүйл ангиар яллагдаж байсан. Энэ нь сүүлийн үеийн дэлхий дахины хамгийн том шашны бүлэглэлтэй холбоотой эмгэнэлт хэргүүдийн нэгт тооцогдож байна.
Прокуроруудын мэдэгдсэнээр Маккензи болон түүний “Good News International Church” сүм нь дэлхий сүйрэхээс өмнө диваажинд очихын тулд дагалдагчдаа өөрсдийгөө болон хүүхдүүдээ өлсгөлөнд оруулж үхэхийг тушаасан шашны бүлэглэл байгуулсан байна. Гэхдээ Маккензи эдгээр буруутгалыг үгүйсгэдэг.
2025 онд, мөрдөн шалгалт эхэлснээс хоёр жилийн дараа, Шакахола ойгоос 400 гаруй цогцос олдсон гэж прокурорууд мэдээлжээ. Ихэнх нь өлсгөлөнгийн улмаас нас барсан нь задлан шинжилгээгээр тогтоогдсон. Харин зарим нь, тэр дундаа хүүхдүүд, боомилогдсон, зодуулсан эсвэл амьсгал боогдсны улмаас нас барсан шинжтэй байжээ.
Маккензи Момбаса хотод болсон анхны шүүх хурлын үеэр болгоомжгүйгээр олон хүний аминд хүрсэн (manslaughter) гэх хэрэгт буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд тэр цагаасаа хойш цагдан хоригдож байгаа юм.
Өнгөрсөн жил мөн Шакахолагаас 30 км орчим зайд, Энэтхэгийн далайн эрэг дагуу орших Ква Бинзаро хэмээх алслагдсан тосгоноос дахин олон цогцос илэрсэн.
Прокуроруудын хэлснээр Маккензи 2023 онд баривчлагдсаны дараа ч Ква Бинзаро дахь гэмт үйлдлүүдийг удирдан зохион байгуулсаар байсан бөгөөд хэт даврагч номлол ашиглан хохирогчдыг тухайн алслагдсан газарт татан авчирсан гэж үзэж байна.
Энэхүү ноцтой хэрэг Кенийн засгийн газрыг шашны захын урсгал, жижиг бүлэглэлүүдэд тавих хяналтыг чангатгах шаардлагатайг онцлоход хүргэсэн. Кенийн Сенат болон төрөөс санхүүждэг хүний эрхийн байгууллагын тусдаа гаргасан тайлангуудад эрх баригчид эдгээр үхлүүдийг урьдчилан сэргийлэх боломжтой зүйл байсан хэмээн дурджээ.