
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 3 дугаар сарын 18, 20-ны өдрүүдийн ээлжит хурлаар дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буйг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны 2 дугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч руу дөхлөө. Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Харин хүнсний үнэ сүүлийн саруудад эрчимжиж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөө үзүүллээ.
Жилийн инфляц зорилтот интервалын голч руу дөхөж буурсан боловч олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлтүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, инфляц эрчимжих эрсдэлийг дагуулж байна. Иймд энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Цаашид инфляц, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын шийдвэрийг тухай бүр гаргана.