
Зүүн Африкт тавдугаар сард Эбола вирусийн дэгдэлт эхэлснээс хойш Нигери улсад Эболагийн халдварын анхны батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан эмэгтэй нь дипломат ажилтны эхнэр бөгөөд Уганда улсын нийслэл Кампала хотод амраад ирсэн тухай Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Жан Касея BBC агентлагт мэдээлжээ.
42 настай эмэгтэй Уганда гаралтай ч Нигерийн нийслэл Абужа хотод амьдардаг байна. Тэрбээр Угандагийн Кампала хотод хоёр долоо хоног хагасын хугацаанд амраад аравдугаар сарын 3-нд Нигерид буцаж иржээ. Буцах замдаа Этиопын нийслэл Аддис-Абеба хотоор дамжин өнгөрсөн байна.
Нигерийн Эрүүл мэндийн сайд Мухаммад Али Патегийн мэдээлснээр эмэгтэй аравдугаар сарын 6-нд буюу эх орондоо ирснээс гурав хоногийн дараа өвдөж эхэлжээ. Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа аж.
Эмэгтэй эхлээд хумхаа өвчин туссан гэж үзэн хувийн эмнэлэгт хандсан бол дараа нь өөр эмнэлэгт үзүүлж, аравдугаар сарын 11-нд хэвтэн эмчлүүлжээ.
Өвчтөний биеийн байдал сайжраагүй тул аравдугаар сарын 19-нд эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдэж, дараагийн өдөр нь лабораторийн гурван удаагийн шинжилгээгээр Эбола вирусийн халдвартай болохыг баталсан байна.
Нигерийн эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор өвчтөнтэй хавьтал болсон байж болзошгүй 44 хүнийг тогтоожээ. Эрүүл мэндийн сайдын тайлбарласнаар эдгээр хүн бүгд ойрын хавьтал биш ч халдвар тархахаас сэргийлэхийн тулд тандалтын хүрээ тогтоосон байна.
Эболагийн халдвар бүртгэгдсэн улсууд