Алексей Навальный нь ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч төдийгүй Ерөнхийлөгч Владимир Путин, Кремлийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэдэг тэмцэгч байсан юм. Тэрээр 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Оросын Хойд туйлын тойрог хорих газарт 47 насандаа гэнэт нас барсан.
Түүний үхэлд Оросын Ерөнхийлөгч Путин төдийгүй эрх баригчид ямар нэгэн байдлаар холбоотой гэж гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс, дэмжигчид нь хардаж сэрсээр ирсэн.
Тэгвэл Навальныйгийн бэлэвсэн эхнэр Юлия Навальная нөхрийг нь хордуулсан нотлох баримтын тухай бичлэг хийж мэдэгдлээ. Юлия Навальнаягийн хэлж байгаагаар Алексейг хорих газарт нас барсны дараа цогцосноос нууцаар биологийн дээж авч чадсан байна. Биологийн дээжийг нууцаар хил давуулж, гадны хоёр лабораторид өгч шинжлүүлжээ.
Лабораториудын шинжилгээний дүн эцэслэн гарсан байна. Энэ дүнгээр Алексейг хордуулсан болохыг тогтоосон гэжээ. Тиймээс Алексей гэнэтийн үхлийн синдромоор нас бараагүй. Түүнийг санаатайгаар хордуулж, амь насыг нь хороосон гэж Юлия мэдэгдлээ.
Одоогоор улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж шинжилгээ хийсэн лабораториудын байршил, бусад мэдээллийг ил болголгүй нууцалж байна. Мөн лабораториудын зүгээс шинжилгээний дүнг ил тод зарлах сонирхолгүй байгаа аж. Гэхдээ тэднийг үнэн бодит мэдээллийг дэлхий дахинд өгөөсэй гэж хүсэж буйгаа Юлия бичлэгтээ хэлжээ.
Юлия нөхрийгөө нас барсны дараа ОХУ-д амьдарвал баривчлагдах эрсдэлтэй болсон учраас хоёр хүүхдийнхээ гамт гадаад улсад амьдарч байна.
Алексей Навальный амьд сэрүүн байхдаа 2020 онд Новочикт хордож байсан. ХБНГУ-д эмчлүүлж эдгээд эх орондоо эргэж ирсэн даруйдаа Оросын эрх баригчдад баривчлагдсан юм.
Нас барах хүртлээ гурван жилийг хорих газарт өнгөрүүлж, хамгийн сүүлд Хойд туйлын алслагдсан хорих газар руу шилжсэн юм. Түүний үүсгэн байгуулсан Авлигын эсрэг сангийн гишүүд, дэмжигчид нь түүний үхэлд Оросын Засгийн газрыг буруутгасаар ирсэн билээ.
Навальныйгийн үхэлд сэжигтэй хэд хэдэн зүйл байсныг Юлия хэлсэн байна. Тухайлбал, нас барахаас өмнө мөрдөгчид мэдүүлэг өгсний дараа гадаа салхилаад эргэж орохдоо гэнэт газар эвхэрч унасан аж. Шалан дээр унасныхаа дараа өвдгөө тэврэн ёолж, бөөлжиж эхэлсэн байна. Харуулуудын нүдэн дээр таталт өгч байхад 40 минутын дараа л түргэн тусламж дуудсан ч Навальный амь тавьсан байна.
Түүний ээж Людмилад хүү нь гэнэтийн үхлийн синдромоор амьсгал хураасан гэж хорих газрын удирдлагууд хэлжээ. Харин дараа нь задлан шинжилгээгээр эрүүл мэндийн байдал, зүрхний хэм алдалт амьсгал хураах шалтгаан болсон гэж мөрдөгчид ар гэрийнхэнд нь дуулгасан байна.
Навальныйг нас барсны дараа Москвад сөрөг хүчнийг дэмждэг мянга мянган хүн цугласан. Гэвч тэд цагдаа нарт баригдахаас эмээж жагсаалаа удаан үргэлжлүүлээгүй. Түүнээс хойш ОХУ-д өргөн хүрээний олон нийтийн цугларалт, жагсаал цуглаан болоогүй юм.