Бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны нэр хүндтэй шүүгч, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо (UWW)-ны Шүүгчдийн комиссын үнэлгээний бүлгийн дарга, олон улсын зааварлагч багш Тунис улсын иргэн Мохамед Камел Баузиз өнөөдөр манай улсад ирлээ. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар маргааш эхлэх олон улсын хэмжээний шүүгчийн мэргэжлийн сургалт, семинарыг удирдах аж.
Монголын чөлөөт бөхийн холбоо 2026 оныг “Сургалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг нь энэхүү сургалт бөгөөд Монголын шүүгчдийн мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, олон улсын түвшний мэргэшсэн шүүгчдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Энэ удаа 2008 оны Бээжингийн зуны олимпын наадмын “Алтан шүгэл”-ийн эзэн Мохамед Камел Баузиз урилгаар манай улсад ажиллах гэж байна. Түүний зохион байгуулах сургалт тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатарт болно.
