
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан нэг өдрийн завсарлага өглөө.
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах болсон шалтгаан нь төслийн 15.4 дэх заалттай холбоотой юм. 15.4-т "Чуулганы хуралдааны танхимын индэрт зөвхөн УИХ-ын даргын суудал байрлана" гэсэн заалт юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Энэ заалтыг хасах ёстой" хэмээн горимын санал гаргасан нь АН-ын бүлэг завсарлага авах шалтгаан болов. АН-ын бүлэг завсарлага авсан ч горимыг саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь "Чуулганы хуралдааны танхимын индэрт зөвхөн УИХ-ын даргын суудал байрлана" гэсэн заалтыг хасахыг дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ажлын хэсэг дээр нэгтгэн боловрсуулахдаа "УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ерөнхий сайд одоогийн суудалдаа сууна. УИХ-ын гишүүн бус Ерөнхий сайдыг индэрийн суудалд суулгахгүй" гэж тохиролцжээ.