
Монгол Улс Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав.
“In Minor Keys” сэдвийн хүрээнд тавдугаар сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 22-ны хооронд зохион байгуулагдах тус биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр оролцож, нүүдэлчин соёлын гүн ухаан, түүхэн ой санамж, орчин үеийн уран сэтгэлгээний огтлолцлыг уран бүтээлээрээ дэлхийд толилуулна.
Үзэсгэлэнгийн хүрээнд Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар уран зураг, видео, баримал, текстил, инсталляцийн олон төрөлт хэлбэрээр Монголын дүрслэх урлагийн өнөөгийн хөгжил, өвөрмөц өнгө төрхийг илэрхийлж оролцоно.


Тэдний бүтээлүүд нь уламжлал ба орчин үе, хүн ба оршихуйн харилцаа, байгаль ба соёлын шүтэлцээг өөр өөрийн өнцгөөр тайлбарлан харуулж байна.
Монголын павильоны куратороор Ц.Уранчимэг, хамтарсан куратороор Томас Эллер ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлага, судалгааны үндэслэлд тулгуурлан Монголын орчин үеийн дүрслэх урлагийг дэлхийн үзэгчдэд илүү өргөн хүрээнд таниулах зорилготой юм.