
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын дарга Б.Батцэцэг өнөөдөр бага хурал зохион байгуулах талбайн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр COP17 бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга Б.Гантуяа болон хурлыг зохион байгуулах байр, барилга байгууламжийн дэд хорооны нарийн бичгийн дарга Б.Баттулга бага хурлын талбайн бүтээн байгуулалтын явцыг танилцуулж, түүний дотор цэнхэр, ногоон бүсийн байгууламж, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг танилцуулав.
Монгол Улс ирэх наймдугаар сарын 17-28-нд UNCCD COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулна. Ингэснээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг ахиулах, дэлхий нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бүх нийтийн хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.

