
Чихрийн шижин болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан цусан дахь сахарын тогтвортой өндөр түвшин нь цусанд буй сахар шүлсэнд шилжих замаар шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Осакагийн их сургуулийн судлаачид тогтоожээ.
Ахлах багш Акито Саканакагийн ахалсан судалгааны баг чихрийн шижинтэй болон шижингүй ойролцоогоор 60 хүнийг хамруулан, цусан дахь сахар амны хөндийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Тэд туршилтад оролцогчдоос шүлсний булчирхайгаас шинээр ялгарч буй “булчирхайн шүлс”-ийг цуглуулж, цуснаас гаралтай сахар болон бодисын солилцооны бүтээгдэхүүнүүдийн шилжилтийг шинжилжээ.
Судалгааны дүнд цусан дахь сахарын түвшин өндөр хүмүүсийн хувьд глюкоз, фруктоз зэрэг сахарууд цуснаас шүлсэнд илүү их шилжиж, шүд цооролт болон шүдний өнгөр үүсэх магадлал өндөр байжээ.
Түүнчлэн шүдний өнгөрийн шинжилгээгээр шүд цооруулах нянгийн тоо нэмэгдэж, амны хөндийн эрүүл байдлыг дэмждэг нянгийн тоо буурсан нь тогтоогдсон байна. Амны хөндийн бичил орчин (oral microbiome, буюу амны хөндийн нянгийн бүрдэл) нь сахарыг задалж хүчил үүсгэх хандлагатай болж, улмаар шүд цоорох нь амархан болдог аж.
Харин чихрийн шижинтэй өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, цусан дахь сахараа хяналтад оруулах үед шүлсэн дэх сахарын хэмжээ буурч, амны хөндийн нянгийн тэнцвэр сайжирчээ. Үүний шинж тэмдэг нь шүд цооруулахтай холбоотой нян багасаж, харин амны хөндийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй нян нэмэгдсэн явдал байв.
Эдгээр өөрчлөлт нь ямар нэгэн шүдний эмчилгээ хийлгүйгээр гарсан нь цусан дахь сахарын үр дүнтэй хяналт амны хөндийн эрүүл мэнд сайжрахад маш өндөр магадлалаар нөлөөлдгийг харуулж байна.
“Цусан дахь сахарын түвшин шүд цооролтод нөлөөлдгийг бид тогтоосон” гэж Саканака хэлжээ. “Цаашид шүлсээр дамжин нийлүүлэгдэж буй сахарын хэмжээ болон түүний эрүүл хүмүүст үзүүлэх нөлөөг судлахыг хүсэж байна” гэдгээ мөн нэмж хэлжээ.
Тус судалгаа өнгөрсөн оны сүүлчээр олон улсын Microbiome сэтгүүлд хэвлэгдсэн байна.