Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо долоодугаар сарын 11-д хуралдсан Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 онд 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа.
Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг хэдий ч өдийг хүртэл тус олимпиадыг эх орондоо зохион байгуулж чадаагүй юм. Харин энэ удаа Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлт, Засгийн газар болон Боловсролын яам, Гадаад харилцааны яам, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрхийг Австралид болсон хурлаас авлаа. Энэ удаагийн хуралд Монголын математикийн олимпиадын хорооын Удирдах зөвлөлийн төлөөлөл оролцлоо.