
Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ долоо хоногт "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулагдах барилдаануудын нэгдсэн хуваарийг албан ёсоор танилцууллаа.
Энэхүү хуваарийн дагуу тавдугаар сарын 1-нд "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан болох бөгөөд залуу хүчтэнүүд жингийн ангилал тус бүрээр өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм.
Үргэлжлүүлэн амралтын өдрүүдээр бөхийн хорхойтнуудад тавдугаар сарын 2-ны 13:00 цагаас "Бэст баззер" төслийн хүрээнд шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан явагдахаар товлогджээ. Харин долоо хоногийн хаалт болгож тавдугаар сарын 3-нд Завхан аймгийн Сантмаргат сумын харьяа, БНМАУ-ын алдарт арслан, "Нахиу" хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 512 бөхийн томоохон барилдаан зохион байгуулагдана.