
Арван жилийн өмнө Фидель Кастро таалал болоход эрх чөлөөний арал дахь хувьсгалт дэглэм төгсөж, Куба орон коммунизмын хүлээсээс ангижирна хэмээн олон хүн найдаж байлаа.
Гэвч бодит байдал илүү төвөгтэй өрнөсөн юм. Хувьсгалын их удирдагчаас төр барих эрхийг шууд залгамжилсан дүү Раул нь нас өндөр болж 2021 онд халаагаа өгсөн ч ах дүүсийн байгуулсан социалист тогтолцоо бөх хэвээр, Кубын төр дэх Кастрогийн гэр бүлийн нөлөө янзандаа. Өнгөндөө Ерөнхийлөгч Мигель Диас-Канел төрийг удирдаж буй мэт боловч эрх мэдлийн жолоо гагцхүү улс төрийн цор ганц хүчин болох Коммунист намд л хамаарна.

Ер нь арлын улс төрийг гаднаас ажиглахад Коммунист намын хатуу бүтэц, социалист эдийн засгийн загвар зонхилсон лугаа харагдах ч угтаа хувьсгалын үеийн элит гэр бүлүүдийн хянадаг цэргийн бизнесийн бүтэц, аюулгүй байдлын аппарат доторх итгэлцлийн сүлжээ илүү хүчтэй аж. Сүүлийн үед энэхүү тогтолцооны цөмд шинээр гарч ирэн Кастро овог түүх болж үлдээгээгүйг нотлох болсон хувьсгалт язгууртнууд барууны хэвлэлийн анхаарлыг татаж эхэллээ.
Түүхийн туршид арлын дотоод хэрэгт оролцож эдийн засгаар бүрэн колончилж ирсэн АНУ 1959 онд Батистагийн цэргийн дэглэмийг түлхэн унагаасан Кубын хувьсгалын хамгийн том “хохирогч” байв. Тиймдээ ч Америкийн үе үеийн Ерөнхийлөгч нар Кубын социализмыг нураахаар ил далд хоригоор тэмцэж ирсэн жишгээс Дональд Трамп ч хазайсангүй. Николас Мадурог баривчилж Венесуэлийн төрийн эрхийг албан бусаар атгасандаа эрэмшсэн Цагаан ордон эдүгээ Ираны дайнтай зэрэгцүүлэн Кубын дэглэмийг өөрчлөхөөр элдэв шахалт дарамтаа чангалсаар. 11 сая хүн амтай арал улс сүүлийн гурван сарын турш гаднаас ямар ч түлш шатахуун, газрын тос импортлоогүй тул эрчим хүчний доголдолд орон Куба даяар түнэр харанхуйд нөмөрсөн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Гэхдээ АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн сүүлийн хэлэлцээрт Ерөнхийлөгч асан Раул Кастрогийн ач хүү, хурандаа Раул Гилермо Родригес Кастро харагдсан нь эрчим хүчний тасалдлаас илүүтэй олныг гайхшируулсан юм.

41 настай Родригес Кастро нь Раул Кастрогийн ууган охин Дебора Кастро Эспин болон Кубын эдийн засгийн судсыг атгадаг төрийн өмчит холдингийг удирдаж байсан Родригес Лопес-Кальеха нарын хүү. Ерөнхийлөгч асан өвөөгийнхөө хувийн хамгаалалтыг хариуцахаас өөрөөр бага Раул төрийн хэрэгт ил оролцсон удаагүй. Тэгвэл АНУ-ын зүгээс тун нааштай гэж дүгнэж буй Кубын эдийн засгийг нээх яриа хэлэлцээрт тэрээр гол зуучлагчаар оролцож байгаа аж. Дональд Трамп, төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио ч тэр Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канелыг огцруулах тухай ярихаас бус Кастрогийн гэр бүлийн эсрэг арга хэмжээ авах тухай ам нээгээгүй.
Тиймээс Венесуэлд Мадурогийн оронд дэд Ерөнхийлөгч Делси Родригесийг томилсон шигээ Кубын боломжит хувилбар нь Ерөнхийлөгчийн ач хүү гэж үзэж байгаа бололтой.
Хэдийгээр 94 насыг зооглож ил улс төрөөс холдсон ч АНУ-тай явуулж буй яриа хэлэлцээг “хувьсгалын түүхэн удирдагч” Раул Кастро удирдан чиглүүлж байгаа гэдгийг Ерөнхийлөгч Диас-Канел ч хүлээн зөвшөөрсөн. Эндээс удирдагчийн хамгийн итгэлт хүн нэг ёсондоо жинхэнэ эрх мэдэлтэн хэнтэй уулзаж, юу тохирохыг хянаж ажигладаг Родригес Кастрогийн үүрэг яах аргагүй тодорно.
Хувьсгалт удирдагчийн гэр бүлээс нөлөөгөө тэлэх дараагийн хүнээр Шадар сайд Оскар ПересОлива Фрага нэрлэгдэж буй. Фидель, Раул Кастро нарын эгч Анжело Кастрогийн ач хүү болох 55 настай Перес-Олива өнгөрсөн жил Үндэсний Ассемблейд сонгогдсон даруйдаа албан тушаалын шатаар хурдтай өсөж Гадаад худалдааны сайд, Ерөнхий сайдын орлогч болтлоо байр суурь дээшилсэн юм. Ерөнхийлөгч болоход шаардлагатай урьдач нөхцөлөө бараг хангасан Перес Олива өнгөрсөн сард NBC News сувагт ярилцлага өгөхдөө АНУ болон бусад газарт амьдарч буй Кубын иргэдэд арал дээр хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг зөвшөөрөх бодлого зарлан өөртөө оноо нэмэв. Латин Америкийн хэвлэлүүдэд бичсэнээс харахад дүнсгэр, олны анхаарлыг татахааргүй төрхтэй ч эдийн засагч Перес-Олива хямралд сөхөрсөн Хаванагийн хатуу бодлогоос ангид байж чадах Кубын технократ болох магадлал өндөр аж.

Ерөнхийлөгч Раул Кастрогийн ганц хүү хурандаа Алехандро Кастро Эспинийг ирээдүйн удирдагч гэж эртнээс тооцож ирсэн. Тагнуулын газрын дарга асан түүний хүчин чармайлтаар 2014 онд аав Рауль Кастро, тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама нар АНУ, Кубын харилцааг хэвийн болгосноо зарлахад Алехандрогийн нэр цуурайтаж байв. Эцэг Раул Ерөнхийлөгчийн албаа өгөхөд төрийн хэргээс холдож олны өмнө гарч ирэхээ больсон хурандаа Алехандрог сүүлийн нууц хэлэлцээрийн архитектор байж мэдэх хувилбар ч яригдаж буй. Харин түүний охин дүү, парламентын гишүүн Мариела Кастро нийгмийн бодлогын асуудлаар идэвхтэй байр сууриа илэрхийлдэг ч олон улсын тавцанд Кубыг илүү уян хатан харагдуулах дипломат арга хэрэгслээс хэтрэхгүй гэж дүгнэдэг юм.
Ах дүү Кастрогийн үр удам бүгдээрээ төрдөө зүтгэж басхүү дэглэмийн дуулгавартай дагалдагч болоогүй. Хувьсгалын их удирдагч Фидель Кастро агсны ач хүү, 34 настай Сандро Кастро гэхэд Хавана хотод баар ажиллуулж, 160 мянган дагагчтай инстаграм хуудсаараа эдийн засгийн хямралд эрх баригчдыг буруутгасан ёжлол түгээж суудаг нэгэн.
Өнгөрсөн сард Сандро CNN сувагт ярилцлага өгч Ерөнхийлөгч Мигель ДиасКанелыг зад шүүмжлэн Кубын иргэдийн олонх нь капитализмыг хүсэж байгаа хэмээн “зүггүйтээд” амжив. Кубын төрийн хэвлэл мэдээллүүд түүний ярилцлагыг хурцаар шүүмжилсэн бол гадаадад дүрвэсэн кубачууд ядуу улсын элит давхаргын төлөөлөгчийн ам нээсэн бүхэнд итгэх хэрэггүй хэмээн үл тоомсорлох аж.
Флоридагийн Их сургуулийн профессор Лилиан Геррагийн хэлснээр зүггүй ач хүүгийн амаар капитализмыг дэмжсэн үг хэлүүлэх нь америкчуудад тал засах гэсэн Кубын эрх баригчдын арга бааш гэлтэй. Саяхны нэгэн видео бичлэг дээр нарны шил зүүсэн Сандро Трамптай адилхан хүнтэй гар барин уулзаж, Америкийн Ерөнхийлөгч түүнээс Куба улсыг худалдаж авахыг хүсэж буйгаар дүрсэлжээ. АНУ болон Кубын албан тушаалтнуудын хооронд хэлэлцээ болсныг төрийн хэвлэл баталгаажуулсан өдөр уг бичлэгээ нийтэлсэн нь Кастрогийн дэглэм АНУ-ын хувьд аюул занал биш болохыг америкчуудад ойлгуулах гэсэн “жүжиг” хэмээн сэжиглэх ч үндэслэлтэй юм.

Ийнхүү залуу Кастро нарын нэр тодорч эхлэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Мигель ДиасКанелийн хувь заяа тун ч бүрхэг боллоо.
Саяхан Америкийн NBC News телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Ерөнхийлөгч “Кубын удирдлагыг АНУ-ын Засгийн газар сонгохгүй. Чөлөөт, бүрэн эрхт улсын хувьд бид АНУ-ын төлөвлөгөөнд захирагдахгүйгээр тусгаар тогтнох эрхтэй” хэмээн эрсхэн өгүүлэв. Гэхдээ улс төрийн тогтолцооны өөрчлөлтөөс бусад аливаа асуудлаар АНУтай харилцан тохиролцох сонирхолтой гэдгээ илэрхийлсэн Диас-Канель хэрэв Кубын иргэд төрийн тэргүүнийг үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзвэл огцроход бэлэн хэмээн ам алдлаа.
Үүнтэй зэрэгцээд “Нью-Йорк Таймс” сонины эх сурвалжууд Трампын засаг захиргаа Кубын Ерөнхийлөгчийг огцруулах нөхцөлөө хэдийнэ бүрдүүлсэн ч одоогийн улс төрийн тогтолцоог хадгалахыг эрмэлзэж байна гэж мэдээлсэн. 70 шахам жил тогтсон дэглэмийг аажмаар задалж, шилжилтийн цаг үеийг туулахад өнөө хэр хувьсгалынхаа үйл хэрэгт үнэнч иргэдийн чихэнд хоногшсон овог нэр хэрэг болох нь ойлгомжтой. Энэ тохиолдолд гурав дахь үеийн Кастро нараас өөр сонголт үгүй биз ээ.