Индонез даяар эсэргүүцлийн жагсаал болж байна. Амьжиргааны өртөг өсөж, ард иргэд улс төрийн эрх мэдэлтнүүдэд итгэл алдарсан нь нийтийг хамарсан энэхүү эсэргүүцлийн гол шалтгаан юм.

Үүнээс гадна 21 настай хүргэлтийн жолооч Аффан Курнияван өнгөрсөн сарын 28-ны өдөр жагсаалын үеэр цагдаагийн хуягт машинд мөргүүлэн амь насаа алдсан нь Индонезийн ард түмнийг засгийн газраа улам хүчтэйгээр эсэргүүцэхэд нөлөөлжээ.

Ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн ширүүсэж, жагсагчид амиа алдаж, барилгуудыг шатааж, улстөрчдийн байшинг дээрэмдэн сүйтгэж байна. Харин эрх баригчид хүч хэрэглэн хариу үйлдэл үзүүлсээр байгаа ажээ.

Ерөнхийлөгч Прабово Субианто болон цагдаагийн дарга түүний үхлийн төлөө уучлал гуйсан ч энэ нь олон нийтийн уур хилэнг улам дэвэргэж, эсэргүүцэл Баруун Явагаас эхлээд Бали, Ломбокийн арлууд хүртэл тархан өргөжжээ.

Индонезийн Эдийн засгийн асуудал хариуцсан зохицуулагчийн мэдээлснээр даваа гарагт эсэргүүцлийн жагсаалын үеэр долоон хүн амь үрэгджээ.

Жагсаалыг шууд өдөөгч хүчин зүйл нь үндэсний парламентын гишүүдэд олгож буй өндөр тэтгэмжийн шийдвэр гэв. 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гишүүд сард 100 сая рупиас дээш (ойролцоогоор 4,499 фунт стерлинг, 6,150 ам.доллар) орлого авч байсан нь улсын дундаж цалингаас 30 дахин өндөр үзүүлэлт бөгөөд үүнд тансаг байрны тэтгэмж ч мөн багтжээ.