
Төв аймгийн Алтанбулаг сумаас ямааны годрон өвчин илэрсэнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Бямбацогтоос нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрээр “Годрон өвчин Төв аймгийн Алтанбулаг суманд хоёр айлын сүрэгт илэрсэн. Одоогоор хоёр айлын 748 ямааг устгалд оруулаад байна. Лабораторийн шинжилгээгээр годрон өвчин болох нь есдүгээр сарын 27-нд батлагдсан. Улмаар сумын Онцгой комисс есдүгээр сарын 27-нд хуралдаж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
Годрон нь уушги, гялтангийн үрэвсэл, өндөр халуурах байдлаар зонхилон илэрдэг, ямаанд тохиолддог цочмог явцтай халдварт өвчин юм. Өвчний голомт болсон 10 километрийн радиуст хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Гоц халдварт өвчин гарсан хоёр айлын нэг нь өнгөрсөн долоодугаар сард “Саятан сүрэг” дэлгүүрээс хээлтүүлэгч таван ухна авчээ. Биеийн байдал хэвийн бус нэг ухныг дэлгүүрт буцааж үлдсэн дөрөв нь тухайн айлын ямаан сүрэгт нийлсэн байна. Эндээс годрон өвчин илэрсэн байж болзошгүй гэж үзэж байна” гэв.