
Японы детектив, адал явдалт зохиолын гарамгай мастер Эдогава Рампо энэ өдөр мэндэлжээ. Түүний жинхэнэ нэр Хирай Таро боловч Америкийн зохиолч Эдгар Аллан Пог биширдэг байсан бөгөөд өөрийн уран бүтээлийн нэрийг ч түүний нэрийн япон дуудлагаас сэдэвлэн сонгосон гэдэг.
1923 онд “Хоёр сэнгийн зоос” өгүүллэгээр уран зохиолд хөл тавьсан Рампо логик сэтгэлгээ, нууцлаг үйл явдал, хүний сэтгэлийн далд хүсэл болон айдсыг хослуулсан өвөрмөц бичлэгээрээ орчин үеийн детектив зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.
ХҮН САНДАЛ
Түүний шилмэл өгүүллэгүүдээс бүрдсэн "Хүн сандал" түүврийг орчуулагч Д.Дашмөнх монгол хэлнээ хөрвүүлж, эмхэтгэсэн байдаг. Эдогава Рампогийн зохиол бүтээл нь хуудас бүрдээ айдас түгшүүр, огиудас зэвүүцэл, санаанд оромгүй эргэлтээр дүүрэн. Магад та үүнийг уншаад өөрийн сандлаас огло харайн босох бий вий. Тус түүвэрт "Хүн сандал", "Авгалдай", "Доктор Мэрагийн гэмт хэрэг", "Анар жимс" зэрэг нийт есөн өгүүллэг багтжээ.
Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчхөөд гарч чадахгүй байгаа мэт орчилд Рампо уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжид төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдаж эхлүүт Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.
THE BLACK LIZARD
1934 онд хэвлэгдсэн уг бүтээл нь Рампогийн туйлын алдартай детектив романуудын нэг. Зохиолын гол дүр нь Хар гүрвэл хэмээх хочтой, үнэт эрдэнэс хулгайлахдаа гарамгай, олон төрлийн заль мэх хэрэглэдэг эмэгтэй гэмт хэрэгтэн.
Түүний эсрэг Японы алдарт мөрдөгч Акэчи Когоро зогсох бөгөөд тэдний хооронд оюун ухаан, арга заль, урьдчилан таамаглах чадвараар өрсөлдсөн сонирхолтой тулаан өрнөнө. Рампо гэмт хэрэгтэн, мөрдөгч хоёрын сөргөлдөөнөөр дамжуулан хүний шунал, эрх мэдэл, дүр эсгэлтийн цаана нуугдах мөн чанарыг харуулжээ. Уг бүтээлийг хожим Японы нэрт зохиолч Мишима Юкио тайзны жүжиг болгон найруулсан бөгөөд кино, театрын олон хувилбараар амилсан билээ.
BEAST IN THE SHADOWS
1928 онд цувралаар хэвлэгдсэн тус роман нь Рампогийн сэтгэл зүйн детектив зохиолын тод жишээ болдог. Зохиолд нэрээ нууцалсан зохиолч өөрийн танил эмэгтэйгээс тусламж хүссэн захидал хүлээн авснаар нууцлаг үйл явдлын мөрөөр орно. Эмэгтэйн амьдралд заналхийлж буй нэгэн нууцлаг хүн, түүнтэй холбоотой захидлууд болон сэжиг төрүүлэм баримтууд үйл явдлыг улам ээдрээтэй болгоно.
Гэвч уг бүтээлд гэмт хэрэг хэн үйлдсэнийг олох нь гол зорилго биш. Харин хүмүүс өөрсдийнхөө бүтээсэн төсөөлөл, хардалт, айдас, хүсэл тачаал бодит байдлыг хэрхэн гажуудуулж болохыг Рампо нарийн өгүүлжээ. Уншигч үйл явдлын өрнөлийг дагахын зэрэгцээ өгүүлэгчийн үгсэд хүртэл эргэлзэж эхэлдэг нь зохиолын сэтгэл зүйн хүчирхэг тал юм.
THE DEMON OF THE LONELY ISLE
Уг бүтээл нууцлаг адал явдал, гэмт хэрэг, хүний далд мөн чанарыг нэгтгэсэн томоохон бүтээл. Зохиолын үйл явдал нууцлаг үхэл, учир битүүлэг харилцаа, өнгөрсөн үеэс улбаатай аймшигт нууцуудын эргэн тойронд өрнөнө.
Гол дүрүүд үнэнийг эрж хайх тусам тэднийг хүлээж буй аюул улам бүр тодорхой болж, хүний бие махбод, хүсэл тачаал, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хязгаарын тухай сэтгэлд төдийлэн таагүй асуултууд урган гардаг. Рампо эл бүтээлдээ уламжлалт мөрдлөгийн зохиолын хүрээнээс гарч, айдас төрүүлэм дүрслэл, ээдрээтэй харилцаа, хүний сэтгэлийн гажуудлыг зоригтой хөнджээ.
STRANGE TALE OF PANORAMA ISLAND
Бодит байдлаас тасарч, өөрийн төсөөллийн ертөнцийг бүтээх асар их тэмүүлэл, хүсэл хэрхэн аймшигт үр дагаварт хүргэж болохыг харуулсан бүтээл. Зохиолын гол дүр Хитоми Хиросүкэ хэмээх ядуу зохиолч баян найзтайгаа гайхалтай төстэй гэдгээ ашиглан түүний оронд очиж, өөрийн мөрөөдлийг биелүүлэхийг оролдоно. Тэрээр алслагдсан арал дээр байгалийн үзэсгэлэн, уран барилга, хүний мэдрэхүйг гайхшруулахуйц хиймэл орчин бүхий ер бусын ертөнц байгуулахаар зорьдог. Гэвч төгс гоо үзэсгэлэн, хязгааргүй тансаг байдлыг бүтээх хүсэл нь хууран мэхлэлт, гэмт хэрэгтэй холбогдож, мөрөөдөл ба бодит байдлын зааг бүдгэрнэ.
Рампо тус зохиолоороо хүний төсөөллийн хүчийг магтан дуулахын зэрэгцээ хүсэл шунал, бусдыг хуурах явдал, гоо сайхны төлөөх хэт туйлшралын аюулыг хөнджээ. Уг бүтээл нь детектив зохиолын хэвшмэл бүтэцтэй харьцуулахад уран сэтгэмж, айдас, гоо зүйн эрэл хайгуулыг илүү хүчтэй хослуулдгаараа онцлогтой.