
Бэртэл гэмтэлд байнга нэрвэгдэх болсон довтлогч торгуулийн цохилтыг гоол болгосон ч багтаа шөвгийн 16-аас цааш шалгарах боломжийг олгож чадсангүй.
Бразил ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Норвегт 2-1 харьцаатай хожигдож тэмцээнээс хасагдсаны дараа Неймар шигшээ багтаа дахин тоглохгүй гэдгээ зарлалаа.
Неймар тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа "Би хичээсэн. Миний замнал MetLife цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлсэн, эндээ ч дуусгалаа. Одоо ингээд бүх зүйл дууслаа" гэв.
Өдгөө 34 настай Неймар Бразилын шигшээ багийн төлөөх анхны тоглолтоо 2010 оны 8 дугаар сарын 10-нд АНУ-ын шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтоор яг энэхүү Нью-Жерси мужийн Зүүн Рутерфорд дахь цэнгэлдэхэд хийж байжээ. Тэрээр дэлхийн хөлбөмбөгийн амьд домог Пелегийн дээр бичигдэх Бразилын бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч юм.
Норвегийн эсрэг тоглолтод тэрээр сэлгээгээр талбайд гарч, төгсгөлийн минутад торгуулийн цохилтоор гоол оруулсан. Тоглолт дуусах шүгэл дуугарахад Неймар нулимсаа барьж дийлэлгүй талбайд суун тусахад нь багийн нөхөд нь түүнийг тайвшруулж байлаа.
Баруун хөлийн булчингийн бэртлийн улмаас Неймар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилын хийсэн таван тоглолтын ердөө хоёрт нь л оролцсон юм. Түүнчлэн хэсгийн шатанд Шотландын эсрэг тоглолтод ердөө 15 минут талбайд гарчээ.