
Starbucks Global компани БНСУ дахь Starbucks Korea-ийн шинэ сурталчилгаа болсон “Tank Day”-тэй холбоотой маргааныг “хүлээн зөвшөөрөх боломжгүй маркетингийн тохиолдол” хэмээн тодорхойлжээ. Мөн Өмнөд Солонгост үүссэн шүүмжлэлийн дараа дотоод хяналт болон шалгах стандартаа чангатгаж байгаагаа мэдэгдлээ.
The Korea Times-ийн “энэ маргаан цаашид Өмнөд Солонгос дахь орон нутгийн кампанит ажлуудыг Starbucks Global илүү идэвхтэй хянахад хүргэх үү?” гэсэн асуултад Сиэтлд төвтэй тус компани өмнө нь зарласан арга хэмжээнүүдээсээ илүү дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.
“Дотоод хяналт, шалгах стандарт болон компанийн хэмжээнд сургалт хэрэгжүүлж байгаа талаар доор дурдсанаас өөрөөр бидэнд одоогоор нэмж хэлэх зүйл алга” хэмээн Starbucks-ийн төлөөлөгч Жаси Андерсон мэдэгдээд мөрдөн шалгалт үргэлжлэхийн хэрээр илүү мэдээлэл өгч магадгүй гэж нэмжээ.

“1980 оны Гванжугийн ардчиллын хөдөлгөөний дурсгалын өдөр болох тавдугаар сарын 18-ны өдөртэй давхцаж, түүнийг дурдсан Солонгос дахь хүлээн зөвшөөрөх боломжгүй маркетингийн тохиолдолд бид гүнээ харамсаж байна” хэмээн Starbucks Global-аас The Korea Times-д өгсөн мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн компани Гванжугийн ард иргэд, энэхүү эмгэнэлт явдлын улмаас хохирсон хүмүүс болон хэрэглэгчид, хамт олноос уучлал хүсжээ.

Starbucks Korea 1980 оны Гванжугийн ардчиллын хөдөлгөөний ойн өдөр болох тавдугаар сарын 18-нд цэргийн сэдэвтэй сурталчилгаа явуулсныхаа дараа маш хурц, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шүүмжлэлтэй тулгараад байна. Энэ өдөр нь Солонгосын түүх, улс төрийн хувьд хамгийн эмзэг дурсгалт өдрүүдийн нэг юм.

Цэргийн дүрслэл болон “Tank Day” гэх хэллэгтэй холбоотой хөнгөлөлтүүдийг багтаасан тус кампанит ажил цахим орчинд богино хугацаанд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, шүүмжлэгчид компанийг Гванжугийн бослогын хохирогчид болон түүхэн өвд мэдрэмжгүй хандсан гэж буруутгажээ.

Starbucks Korea сурталчилгаагаа зогсоож, гүйцэтгэх захирлаа огцруулсан ч бойкот хийх уриалга цахим орчинд үргэлжилсээр байна.
Энэхүү маргаан тавдугаар сарын 18-ны өдрийн гашуун түүхийг үл харгалзан уг кампанит ажил дотоод хяналтын олон үе шатыг хэрхэн давж гарсан бэ гэсэн өргөн хүрээний асуултыг Солонгост үүсгээд байна.
1980 оны тавдугаар сард ардчиллыг дэмжиж байсан жагсагчдыг цэргийн хүч болон танк ашиглан дарж байсан эмгэнэлт үйл явдал болсон байдаг.

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён ч тус компанийн энэхүү сурталчилгааг хатуухан шүүмжилсэн юм. Тэрбээр "Хохирогчид болон цуст тэмцлийг доромжилсон хэрэг. Тэр өдөр хэчнээн хүн амиа алдаж, манай улсын шударга ёс, түүхэнд ямар их хор хөнөөл учруулсныг мэдсээр байж яагаад ингэв" хэмээн цахим хуудастаа бухимдлаа илэрхийлжээ.
Starbucks Korea компани “Tank Day” сурталчилгааг эхлүүлснээс хэдэн цагийн дараа цуцалсан. Үүгээр зогсохгүй компанийн дийлэнх хувийг эзэмшдэг Shinsegae компани зохисгүй сурталчилгаа хийсэндээ уучлал гуйж, гүйцэтгэх захирлыг албан тушаалаас нь огцруулж байгааг мэдэгджээ.
“Tank Day” нэртэй сурталчилгаа нь “их багтаамжтай” гэсэн санааг илэрхийлэх зорилготой байсан аж. Компанийн зүгээс уг сурталчилгаагаа ашиглан энэ сарын 15-26-ны өдрүүдэд хэд хэдэн шинэ аяга танилцуулах зорилготой байжээ.