
Washington Post сонины гүйцэтгэх захирал албан тушаалаасаа бууж буйг тус сонины редакциас мэдэгдлээ. Энэ нь олон нийтийг хамарсан их хэмжээний цомхотголыг удирдсанаас хэдхэн хоногийн дараах шийдвэр юм.
Уильям Льюис ажилтнуудад илгээсэн мэдэгдэлдээ одоо “явах цаг нь болсон бөгөөд сонины ирээдүйг хангахын тулд хэцүү шийдвэрүүд гаргасан” гэдгээ дурджээ.
Өнгөрсөн лхагва гараг (2026.02.04)-т тус сонин нийт ажилтнуудынхаа гуравны нэгийг цомхотгож, спорт болон олон улсын мэдээний хамрах хүрээгээ эрс танах болсноо зарласан. Энэ шийдвэрийг олон сэтгүүлч шүүмжилж, Washington Post-ийн тэрбумтан эзэн Жефф Безос руу чиглэсэн шүүмжлэл ч нэмэгдсэн юм. Харин гүйцэтгэх редактор Мэтт Мюррей цомхотгол нь сонинд “тогтвортой байдал” авчирна гэж мэдэгджээ.
Редакциас Льюисийн огцролтыг зарлахын зэрэгцээ, өнгөрсөн жил санхүү хариуцсан захирлаар орж ирсэн Жефф Д’Онофрио түр хугацаанд редактор - гүйцэтгэх захирлын үүргийг хавсран гүйцэтгэхээр болсныг мэдэгдсэн байна.
Dow Jones компанийн гүйцэтгэх захирал, Wall Street Journal сонины редактороор ажиллаж байсан Льюис 2023 онд Washington Post-ийн удирдлагад томилогдсон юм.
Тэрээр өдөр тутмын сонины санхүүгийн алдагдлыг бууруулах оролдлого хийж байхдаа захиалагчид болон ажилтнуудын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөн.
Цомхотголын дараа Вашингтон хот дахь сонины төв байрны өмнө олон зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн бөгөөд тэдний дунд Ойрх Дорнод дахь бүх сурвалжлагчид, мөн Киевт суурилсан Украины сурвалжлагч багтсан байв.
АНУ-аас гадуур, орон нутагт эсвэл охин компаниудаар дамжуулан ажилд орсон тул Washington Post Guild буюу сонины үйлдвэрчний эвлэлийн хамгаалалтад хамрагддаггүй олон улсын ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор GoFundMe хандивын хуудас нээгдсэн байна. Эдгээр ажилтнууд гэнэт орон байр, виз, нийгмийн баталгаагаа алдах эрсдэлтэй тулгарчээ.
Хандивын аяныг зохион байгуулагч Мишель Ли “Дайны бүсэд цахилгаангүй нөхцөлд ажиллаж байсан сурвалжлагчид, дэлхийн өнцөг булан бүрт гарч буй харгислалын тухай өдөр бүр мэдээлдэг Сөүл, Лондон дахь редактор, сурвалжлагчид, мөн хэдхэн сарын өмнө амьдралаа өөрчилж гадаадад нүүсэн сэтгүүлчид, бидний сэтгүүлзүйг боломжтой болгодог орон нутгийн зайлшгүй чухал ажилтнууд ч цомхотголд өртсөн” гэж бичжээ.
“Тэд бол үнэнч, чадварлаг, олон хэлтэй, гайхалтай хүмүүс. Ийм хандлагад тэд огтхон ч зохихгүй” хэмээн тэр нэмжээ.
Ням гаргийн оройны байдлаар уг хандивын хуудас 200 мянган ам.долларын зорилтынхоо 180 мянга гаруй ам.долларыг нь цуглуулжээ. Харин АНУ дахь ажилтнуудад зориулан үйлдвэрчний эвлэлээс нээсэн өөр нэг GoFundMe хуудас аль хэдийн 500 гаруй мянган ам.долларын хандив татсан байна.
2021 он хүртэл Washington Post-ийн гүйцэтгэх редактораар ажиллаж байсан Марти Барон уг цомхотголыг “дэлхийн хамгийн агуу мэдээллийн байгууллагуудын нэгийн түүхэн дэх хамгийн харанхуй өдрүүдийн нэг” хэмээн тодорхойлжээ.
Льюис огцорсон нь сүүлийн жилүүдэд олон удаагийн цомхотгол, маргаантай редакцийн шийдвэрүүдтэй тулгарсан энэхүү нэр хүндтэй сонинд дахин нэг томоохон доргилт боллоо.
2024 оны АНУ-ын сонгуулийн өмнөхөн Amazon-ыг үүсгэн байгуулагч Безос олон арван жилийн уламжлалыг эвдэж, сонин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихгүй гэж шийдсэн. Washington Post 1970-аад оноос хойшхи ихэнх сонгуулиудад нэр дэвшигчийг дэмжиж ирсэн бөгөөд тэдгээр нь бүгд Ардчилсан намаас нэр дэвшигчид байв.
Энэхүү шийдвэр нь өргөн хүрээний шүүмжлэл дагуулж, хэдэн арван мянган захиалагчаа алдахад хүргэсэн юм.
Безос 2013 онд сониныг худалдан авахдаа үзэл баримтлалын эсрэг нийтлэл хэвлэгдэхгүй гэж мэдэгдэж байжээ.