
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 683 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаарын онцлох сэдвүүдээ танилцуулъя.
Нэг. Зөвхөн Үндсэн хуульд захирагдах тангараг
Х.Тэмүүжин дөнгөж сонгогдоод “Үндсэн хуулийн Цэц хоцрогдсон хуульч, тэтгэврийн улстөрчдийн морг боллоо” хэмээн хашгирч байв. Гурван парламент элээж буй Х.Тэмүүжин ажлаа өгсөн сайд, гишүүдийг Үндсэн хуулийн Цэц рүү шахах хуулийн төсөл санаачилж байна. Цэцийн томилгоог шүүмжилж, хараат бус, бие даасан байдлыг нь хамгаалж байсан Үндсэн хуулийн эрх зүй судлаачийн үзэл санаа 10-аадхан жилийн улс төрийн үйл явц дунд эргэсэн байгааг гайхаад баршгүй. Товчхондоо, эрх зүйчийн бакалаврын дипломтой УИХ-ын гишүүн, сайд байсан хүмүүст Үндсэн хуулийн Цэцэд томилогдох улаан хивсийг Х.Тэмүүжин дэвсэж өгөх гэж байна. Тэр Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны зургаадугаар сарын 29-нд УИХ-д өргөн барьсан нь энэ. Х.Тэмүүжингийн албан бланкан дээр нам, намын төлөөлөл 55 гишүүн гарын үсэг зурсан байгаа юм. 126 гишүүний тал орчмыг санаачилгадаа нэгтгэнэ гэдэг бол улс төрийн зөвшилцлөөр батлагдах магадлалтай төслийн тоонд орно.
Г.Улсболд “Х.Тэмүүжин маягийн Цэц: Шахааны улстөрчдийн морг” нийтлэлээс
Хоёр. Албан тушаалаараа “алгадахыг” хүлээн зөвшөөрөхгүй
Strategic Lawsuit Against Public Participation буюу олон нийтийн оролцоог дарах стратегийн Монгол Улсын хууль тогтоомжоор төрийн албан тушаалтан нь өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалтай нь холбогдуулан шүүмжилсэн иргэний эсрэг төрийн нэр барьж, эсвэл албаны давуу байдлаа ашиглан гомдол гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Төрийн албан тушаалтан иргэн, сэтгүүлч, судлаач, шүгэл үлээгч хэнбугайн ч эсрэг нэр төр гутаасан гэх үндэслэлээр гомдол гаргаж, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой ч иргэний ч бай, эрүүгийн ч бай шүүхийн механизмыг ашиглан шүүмжлэгчийг дарамтлахгүй байх тусгай, басхүү өндөр босго олон улсын хүний эрхийн стандартад тавигддаг. Hэхэмжлэл нь шүүмжлэгчийг айлгах, дуугүй болгох, өр ширэнд оруулах зорилгоор дарамт хэлбэрээр ашиглагдсан эсэхээс SLAPP гэдэг ойлголт орж ирдэг.
Дааж давшгүй их мөнгө нэхэмжилснээр SLAPP болчихгүй. Харин нэхэмжлэлийн зорилго, нөхцөл байдал, нэхэмжилсэн дүн, тухайн мэдээлэл үнэхээр олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үү, шүүмжлэлийн агуулга хааш чиглэв гэдгээс бүх зүйл тодорно.
Л.Эрдэнэжаргал “Эрх нь эвэр болж ургасан дарга нар” нийтлэлээс
Гурав. 16 өргөдөл босго давжээ
Жилд 200 гаруй иргэн нийтийн өргөдөл гаргадаг гэхээр уг систем ажиллаж эхэлснээс хойш 700 орчим хүн асуудал хөндсөн гэсэн үг. Гэвч эдгээрээс ердөө 16 нь л УИХ-аар авч хэлэлцэх болзлыг хангажээ. Үүний ес нь 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан байгаа юм. Томоохон шийдэл гаргуулъя гэвэл хуульд өөрчлөлт оруулах, шинийг батлуулах хэрэгтэй. Гэтэл 100 мянган хүний санал гэдэг нь хүн амын 2.8 хувьтай тэнцэнэ. Ямар үндэслэл, тооцооллоор ийм босго тогтоосон нь ч маргаантай. Хүн амынхаа тоонд харьцуулж, судлахын оронд манай хууль тогтоогчид 70 орчим сая хүн амтай Их Британийн бэлэн жишээг “туучихжээ”. Тиймээс л гаргасан өргөдөл нь эл шалгуурт бараг хүрдэггүй, хүрсэн ч УИХ нь ажил хэрэг болгодоггүй байна. Иргэдийн санаачилгыг хуульд тусгаж, шийдэл болгохгүй юм бол энэ бүх үйл явц ердөө бэлгэдлийн төдий гэсэн үг. Иргэдээ сонсож, нээлттэй байгаа нэртэй боловч бодит байдалд парламент ч, Засгийн газар ч шийдвэр гаргах эрх мэдлээ хуваалцахыг хүсэхгүй байна.
С.Туул “Бэлгэдлийн чанартай нийтийн өргөдөл” нийтлэлээс
Дөрөв. Хүлцэнгүй байдал хаана хүрээд зогсох вэ?
Хотоор дүүрэн шатахуун түгээх станцтай ч хүссэн газраасаа, ямар ч дугаарлалтгүйгээр шатахуун авах боломжгүй болоод удав. Шатахуун авахын тулд заавал дугаарлах ёстой. Бухимдмаар, байж боломгүй энэ байдалтай дээр, дооргүй эвлэрч байна. Эвлэрээд зогсохгүй дугаарлаад шатахуун авч чадсандаа баярлаад цааш хөдлөх жишээний. Хоёр өдрийн нэгд нь л 50 мянган төгрөгт шатахуун авч байсан байж боломгүй цаг хугацааг өнгөрсөн зун туулсан. Дахиад ч тэр дүрмээр амьдарч эхлэхийг үгүйсгэх аргагүй. Ийм л байж боломгүй зүйлс бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг боллоо. Манай шийдвэр гаргагчид шатахууныхаа импорт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн оронд ард иргэдийнхээ хэрэглээг нь хязгаарлах шийдвэр гаргадаг. Машины улсын дугаарынх нь тэгш, сондгой төгсгөлөөр нь ялгаж хөдөлгөөнд оролцуулах, шатахуун авах хэмжээг нь 50 мянган төгрөгөөр хязгаарлах гээд өөрсдөдөө ажил нэмэх бус иргэддээ асуудал нэмэх сонголтыг хийдэг. Байж боломгүй энэ шийдвэрт нь бид аль хэдийнэ дассан. Бүр бүтэн сарын турш улсын дугаарынх нь тэгш, сондгой төгсгөлөөр нь ялгаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргахад чимээгүй л дагадаг болж. Хэдхэн жилийн өмнө, хамгийн анх ийм шийдвэр гаргаж байхад хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж, ядаж л цахим орчинд тэмцдэг байлаа. Гэтэл одоо үг дуугүй л дагадаг болов. Шийдвэр гаргагчид ингэж л ард түмнээ номхон тэмээг ноолоход амархан гэдэг шиг улам хүлцэнгүй, дуулгавартай болгосоор байна.
С.Шийлэгтөмөр “Тэмцдэггүй ард түмэн мөхдөг” нийтлэлээс
Тав. Эх орноо орхих шалтгаан
“Эх орон руугаа буцахгүй” гэж хариулсан гэр бүлүүдээс шалтгааныг нь тодруулахад амьдрах баталгаагүй, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байгаа, амьдралын нөхцөл нь амьдарч буй улсдаа илүү таатай байгаагаас шалтгаалж байна гэжээ. Эх оронд нь юу өөрчлөгдвөл буцах талаар дахин бодох вэ гэдгийг тодруулахад бүх насны оролцогчдын хувьд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ нь сайжирбал хэмээн хариулжээ. Харин 18-49 насны залуучуудын хувьд цалин хөлсийг нь амьдралд хүрэлцэхүйц болгох, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлбэл энэ талаар дахин бодох шийдвэрт нь нөлөөлнө гэсэн байна.
Төрсөн нутгаа санавч хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн амар тайван ирээдүйг золиослохыг хүсэхгүй. Учир нь эх орон гэдэг зөвхөн төрсөн газар биш, амьдрахад таатай эх нутаг нь байх хэрэгтэй. Тиймээс гадаадад байгаа монголчуудыг “яаж авчрах вэ” гэдгээс илүү “яавал Монголд амьдрах хүсэлтэй болгох вэ” гэдэг асуултыг төр бодлогынхоо төвд тавих цаг болжээ
О.Эрдэнэчимэг ”Амьдрахыг хүсэх ЭХ ОРОН” нийтлэлээс
Зургаа. Төр бүхнийг биелүүлдэггүй
Бэлтгэл хэмээх зүйлийн талаарх ойлголтыг зөвхөн төрөөс шаардаад орхиж болохгүй. Иргэд ч өрхийн санхүү, эрүүл мэнд, галын аюулгүй байдал, газар хөдлөлт, үер, зуд зэрэг өөрт нь хамаарах эрсдэлийн талаар тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Гол нь иргэнээс бэлэн байхыг шаардахын өмнө төр мэдээллээ ойлгомжтой хүргэж, сэрэмжлүүлгээ цаг тухайд нь өгч, шаардлагатай нөөц болон үйлчилгээний хүртээмжийг бий болгосон байх ёстой. Энэ бол хэн хүнгүй мэдэх, дээр нь олон улсын сайтар дагаж, мөрддөг журам.
Эрсдэлийн мэдээлэл зөвхөн мэргэжлийн байгууллагын тайлан дээр үлдэх албагүй. Иргэн яг юу хийхээ ойлгохуйц хэмжээнд хүрэх нь чухал. Монгол Улсад аюул, гамшгийн мэдээллийг олон нийтэд хүргэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо бий ч түүнийг бодит урьдчилан сэргийлэх үйлдэлтэй холбох шаардлага байсаар байна. Гамшиг өнгөрч, үнэ тогтворжиж, шатахууны нийлүүлэлт хэвийн болж, өвөл дуусмагц асуудал шийдэгдсэн мэт санагддаг ч дараагийн эрсдэл аль хэдийнэ хаалганы цаана хүлээж байдаг. Өнөөдрийн хохирлыг маргаашийн төлөвлөгөө болгохгүй бол дараагийн хохирол яг л өмнөхтэй адил шалтгаанаар давтагдана.
Б.Алтанхуяг “Юунд ч бэлэн биш” нийтлэлээс
Долоо. Хэрэглээгээ зээлээр хангах давлагаа
Монголчуудын дунд “цалин орлоо, халин одлоо” гэх гашуун хошигнол их алдартай. Сарын цалин гар дээр буумагц хоол хүнсээ цуглуулж, байрны түрээс, ус дулаан гэх мэт зайлшгүй төлбөрүүдээ өгөөд л түрийвч хоосорчихдог. Үүний улмаас дараагийн сарын цалин орох хүртэлх хугацаанд наад захын хэрэгцээгээ хангахын тулд иргэд гар утаснаасаа цахим зээл авах нь сүүлийн жилүүдэд элбэгшсэн. Үнийн өсөлтөөс шалтгаалж хэрэглээний зээл хавтгайрч байгаа тул арилжааны банкууд чанаргүй зээлийн эрсдэлээс сэргийлж, хэрэглээний зээл олголтоо танаж эхэлсэн. Банкуудын хумигдсан энэ орон зайг цахим зээлийн аппликэйшнүүд нөхөж, өнгөрсөн онуудад эрчимтэй өргөжсөнөөр өнөөдөр иргэдийн дийлэнх нь “аппликэйшны зээл”-ийн хамааралтай болжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайлангаар, Банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) харилцагчдын тоо 2026 оны I улирлын байдлаар 4.3 саяд хүрч, зээлдэгчдийн тоо 3.5 сая болсон нь тус салбарын үйлчилгээ нийгмийн өргөн хүрээнд хүрснийг нотолж буй. Үүний дотор финтек буюу цахим зээлийн суваг хамгийн өндөр өсөлттэй хэвээр байгаа бөгөөд өдгөө 82 ББСБ, 77 аппликэйшнээр дамжуулан зээл олгож байна. Зөвхөн аппликэйшнээр үйлчилгээ авч буй зээлдэгчдийн тоо дангаараа 3.2 саяд хүрчээ.
И.Сарангоо “Өрийн халуурал” нийтлэлээс
Найм. Эрэлт хангахгүй нөөц
2021-2025 онд Оросын хийн экспорт Европ руу 40 гаруй хувиар буурч, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн байгалийн хийг Украинаар дамжуулан Европ руу дамжуулах гэрээ дуусгавар болсон юм. Үүнээс өмнө 2022 оны наймдугаар сард Балтын тэнгисийн ёроолоор Герман руу хий нийлүүлдэг “Умардын урсгал” хоолойгоо Оросын Газпром компани бүрмөсөн хаасан. Оросын оронд Норвеги, АНУ, Катар болон бусад нийлүүлэгчдийн гарц олж, шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG хүлээн авах терминалуудаа өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаа эрчимжүүлсэн ч дэлхийн геополитикийн нөхцөл байдал энэ өвөл Европыг гал алдахад хүргэж мэдэх нь. Асуудал нь Европт хий огт байхгүйдээ биш. Харин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалж дэлхийн зах зээл дээрх үнэ өссөн тул хангалттай нөөц бүрдүүлж амжаагүй аж. Аравдугаар сарын эхээр Европын хийн агуулахууд дунджаар 68 хувийн дүүргэлттэй байна. Германы нөөц бүр 56 хувьтай. ЕвроКомиссоос хийн зах зээлийг зохицуулахаар байгуулсан бүлэг сандрах, барьц алдах шалтгаан байхгүй гэж амлаж буй. Есдүгээр сарын сүүлээр болсон сүүлийн уулзалтаар тэд “нөөц бага ч нийлүүлэлт тогтвортой” гэж дүгнэв. Харин зах зээлийн шинжээчид одоогийн хэрэглээний хурд, үнийн түвшинг барихад үлэмж хэмжээний зардал гаргах ч эргээд иргэдийн нуруун дээр инфляцын дарамт болж буухыг сануулсаар.
С.Лхагвасүрэн “Европ өвөлд бэлэн биш” нийтлэлээс
Ес. Яруу найраг, судалгаа хоёрын огтлолцол
Уран зохиолыг туурвих нь шинийг бүтээж, ухамсартаа ахин төрөхийн нэр. Тиймдээ ч 2026 оны Нобелийн шагналыг Канадын яруу найрагч, эсээч, хэл шинжлэлийн доктор, эртний Грекийн уран зохиолын орчуулагч Энн Карсонд олгосон нь чухам шинэ ертөнцийг бүтээж чадсаных нь төлөө билээ.
Түүний хувьд үг гэдэг цаг хугацааны дэнсэнд сүндэрлэн боссон цац суврагууд тоос болон хувирах шиг мартагдаж хоцорсон дурсамж бус ухамсраар дамжин шинээр цогцлох боломжтой амьд ертөнц байв. Тиймдээ ч тэр сонгодог зохиолыг тоосонд дарагдсан номын хуудас, цагийг гэтэлсэн мэргэдийн судраас хийсэж хоцорсон муутуу цаасны тасархайнаас хайсангүй. Харин ч үгсийн шидээр мэтгэн өөртөө ойртуулж, олон зууныг туулсан уран зохиолын салбарт шинэ нээлтийг хийсэн нь орчин цагийн туульч гэх алдрыг түүнд хүртээж, грек хэлээс эхэлсэн зам нь Нобелийн шагналд хүргэлээ. Энэ бол уран зохиолд үнэнчээрээ үлдэх тэмүүлэл, шинийг эрэлхийлж, түүнийгээ бүтээсэн тэмцэгч чанар, үгээр ашиг хонжоо бэдэрч, алдар сууг горилолгүй өгүүлэхүйн хүсэлдээ шударга хандсаных нь төлөө Энн Карсонд олгосон шагнал мөн.
Б.Алтанхуяг “Уран зохиолын урвалт” нийтлэлээс