
Чип үйлдвэрлэлийн гигант Nvidia хиймэл оюуны (AI) технологид асар их хөрөнгө зарцуулж буйд хөрөнгө оруулагчид эргэлзэж буй. Гэсэн ч тус компани өнгөрсөн жил 215.9 тэрбум ам.долларын орлого олсон гэдгээ тайлагналаа.
Тус компанийн санхүүгийн жилийн сүүлийн гурван сарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 73%-иар өсөж, шинжээчдийн таамгийг давсан байна.
Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан “Тооцооллын эрэлт геометр прогрессоор өсөж байна. Манай хэрэглэгчид хиймэл оюуны аж үйлдвэрийн хувьсгалыг тэтгэж буй үйлдвэрүүдэд болон ирээдүйн өсөлтдөд бие биетэйгээ уралдан хөрөнгө оруулж байна” гэжээ.
Nvidia нь AI салбарын олон компанид чип нийлүүлэхийн зэрэгцээ өөрийн шинэ технологиор дамжуулан эрэлтийг бий болгох төлөвлөгөөгөө сүүлийн долоо хоногуудад танилцуулсан. Тус компани ойролцоогоор 4.8 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй хувьцаат компани юм.
Компани AI дэд бүтцийн өргөтгөлийн төв тоглогч болж, OpenAI болон Meta зэрэг тэргүүлэх AI загвар хөгжүүлэгчдэд өндөр хүчин чадалтай чип нийлүүлдэг. Deepwater Asset Management компанийн удирдагч, Nvidia-ийн гол түнш Жийн Манстер энэхүү дэд бүтцийн өргөтгөл удаан хугацаанд үргэлжилнэ гэж үзэж буйгаа мэдэгдсэн билээ. “Эдгээр хэрэгслийг ашигладаггүй хүмүүсийн төсөөлж чадахаас ч илүү хурдтайгаар AI хөгжиж байна” гэж Манстер X платформд бичжээ.
Сүүлийн үед Nvidia бусад компаниудтай байгуулсан өргөн хүрээний хэлцлүүдийн улмаас хөрөнгө оруулагчдын анхааралд өртөөд байгаа билээ. Шүүмжлэгчид “тойрог санхүүжилт” (circular financing) гэх асуудлыг хөндөж, Nvidia бусад компаниудад хийсэн хөрөнгө оруулалт нь AI-ийн бодит эрэлтийн бат бөх байдлыг гуйвуулж харагдуулж болзошгүй гэж болгоомжилж байна. Үүний зэрэгцээ компани АНУ, БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөний дунд ороод буй.
Өнгөрсөн сард Трампын засаг захиргаа тодорхой нөхцөлтэйгөөр Nvidia-ийн хоёр дахь хамгийн дэвшилтэт загвар болох H200 чипийг Хятадын хэрэглэгчдэд худалдахыг зөвшөөрсөн. Гэвч энэ долоо хоногт АНУ-ын Худалдааны яамны албан тушаалтан хууль тогтоогчдод мэдэгдэхдээ, эдгээр чипнээс одоогоор нэгийг ч Хятадын хэрэглэгчдэд борлуулаагүй гэжээ. Nvidia мөн AI-д суурилсан биет бүтээгдэхүүнд илүү гүн оролцох зорилгоор бүтээгдэхүүний шугамаа өргөжүүлж байгаа аж.
Өнгөрсөн сард Лас-Вегаст болсон CES технологийн үзэсгэлэнд Хуан өөрөө жолоодлоготой автомашинд зориулсан шинэ технологийн платформ танилцуулсан. Тэрээр “Alpamayo” хэмээн нэрлэсэн нээлттэй эхийн AI загвар нь автономит тээврийн хэрэгсэлд “ухаарал, логик дүгнэлт” авчирна гэж мэдэгдсэн.
Мөн Nvidia ирэх он гэхэд нэр нь одоогоор тодорхойгүй байгаатүнштэй хамтран роботакси үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан.
Nvidia-ийн чипүүд AI загвар сургах (training) салбарт тэргүүлдэг ч сургагдсан загварыг бодит өгөгдөл дээр ашиглан хариу гаргах “inference” буюу хэрэглээний шатанд ширүүн өрсөлдөөнтэй тулгарч байна. Дөрөвдүгээр улиралд Nvidia өрсөлдөгч Groq-ийг 20 тэрбум ам.долларын хэлцлээр худалдан авч, inference чиглэлийн чадавхаа өргөжүүлжээ.