
Сансар огторгуй дахь хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийг хорь гаруй жилийн турш судалсан НАСА-гийн Нил Герелс Свифт ажиглалтын төв лхагва гарагт дэлхийн агаар мандалд дахин нэвтэрч, шатаж устах төлөвтэй байна.
Гурван дуран бүхий уг хиймэл дагуулыг ердөө хоёр жилийн хугацаанд ажиллуулахаар зохион бүтээсэн ч одоо хөдөлгөөнөө удирдах, ажиглалт хийх боломжгүй болжээ. Иймээс агаар мандалд хяналтгүйгээр нэвтрэх аж.
АНУ-ын Сансрын хүчин ойролцоогоор 1450 кг жинтэй уг сансрын аппаратыг АНУ-ын зүүн эргийн цагаар арваннэгдүгээр сарын 4-ний өглөөний 03:30 цагийн орчимд агаар мандалд орох төлөвтэй байгааг тооцоолжээ. НАСА-гийн мэдээлснээр сансрын аппаратын ихэнх хэсэг агаар мандалд шатах боловч зарим эд анги нь бүтнээрээ үлдэж болзошгүй гэнэ.
“Агаар мандалд дахин нэвтэрсний дараа бүтэн үлдсэн эд ангиуд бөмбөрцгийн аль хагаст, мөн яг хэзээ агаар мандалд нэвтрэхээс хамааран өөр өөр байж болно” гэж тус агентлаг мэдээлжээ. Мөн үлдэж болзошгүй хэлтэрхийнүүд өмнөд өргөргийн 20.6 хэмээс хойд өргөргийн 20.6 хэм хүртэлх бүсэд унах боломжтойг дурдсан байна.
Тус агентлаг “Дэлхий дээрх хэн нэгэн хүн хохирох эрсдэл бага буюу ойролцоогоор 2100-д нэг байна. НАСА болон Сансрын хүчин уг аппаратыг агаар мандалд дахин нэвтрэх явцыг үргэлжлүүлэн ажиглаж, таамаглалаа шинэчилнэ” гэж мэдэгджээ.
Уг ажиглалтын төвийг 2004 онд Их тэсрэлтийн үеэс хойш орчлон ертөнцөд тохиолдсон хамгийн хүчтэй дэлбэрэлт гэж үздэг сансрын гамма-цацрагийн тэсрэлтүүдийг судлах зорилгоор хөөргөсөн юм. Тус төв ажигласан үзэгдлийн байршил, хүчний талаарх мэдээллийг дэлхий рүү шуурхай дамжуулах зориулалттай байв.
Ажилласан хугацаандаа уг ажиглалтын төв 2000 гаруй гамма-цацрагийн тэсрэлтийг илрүүлж, байршлыг нь тогтоон ажиглажээ. Эдгээрийг Их тэсрэлтээс хойш орчлон ертөнцөд тохиолдсон хамгийн хүчтэй дэлбэрэлтүүд гэж үздэг.
НАСА-гийн мэдээлснээр ийм энергийн тэсрэлт өдөрт ойролцоогоор нэг удаа тохиолдож богино хугацаанд үргэлжлэх ч асар хүчтэй гамма цацрагийн гялбаа үүсгэдэг. Эдгээр нь сансар огторгуйн янз бүрийн чиглэлээс ирдэг бөгөөд хэдхэн миллисекундээс хэдэн зуун секунд хүртэл үргэлжилж болно.
Гэвч эрдэмтэд эдгээр тэсрэлтийн шалтгааныг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Тэдгээр нь асар том одны дэлбэрэлтийн үеэр хар нүх шинээр үүсэх үйл явц, хоёр нейтрон од мөргөлдөх үзэгдэл эсвэл өөр ямар нэгэн сансрын үзэгдлээс үүдэлтэй байж магадгүй гэж таамагладаг.
Свифт ажиглалтын төвийг НАСА-гийн Дунд оврын судалгааны хөтөлбөр буюу Midex-ийн хүрээнд хөөргөсөн юм. Энэ оны долдугаар сард уг ажиглалтын төв галактикийн гадна хэсэгт тэнүүчилж яваа асар том хар нүх оддыг бутлан залгиж буй үзэгдлийг ажиглажээ. Энэ нь од хэт том хар нүхэнд аюултай хэмжээнд ойртох үед болдог үзэгдэл юм.
“Од бутарч, хэлтэрхийнүүд нь хар нүхийг тойрон эргэлдэхдээ халж, одон орон судлаачдын сансар огторгуйн алс холоос ажиглаж чадах гэрэлтэлт үүсгэдэг. Харин хар нүх гэрлийн хурдтай ойролцоо хурдаар хөдөлж буй бөөмсийн урсгалыг сансар огторгуй руу цацдаг” гэж НАСА мэдээлжээ.
“Өнчин” хэмээн тодорхойлсон уг хар нүх галактикийн зах хэсэгт орших одыг залгих үедээ гэрэлтсэн байна. Эрдэмтэд үүнийг “түрлэгийн хүчний нөлөөгөөр задрах үзэгдэл” (tidal disruption event) гэж нэрлэдэг. Бараг бүх галактикийн төвд асар том хар нүх байдаг учир ийм төрлийн задралын үзэгдэл ойролцоогоор 100 000 жилд нэг удаа тохиолддог байна.
Од хар нүхэнд задарсан уг үзэгдэл эзэн галактикийн төвөөс 2600 гэрлийн жилийн зайд болсон бол Свифт багийнхан үүнээс 30 000 гаруй гэрлийн жилийн зайд болсон өөр нэг ийм үзэгдлийг ажиглаж байжээ.