
2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны шийдвэрлэх тоглолтууд эхлэхтэй зэрэгцэн Хойд Америкийн нутаг дэвсгэрт агаарын хэм эрс халж, тус тэмцээний явцад томоохон сорилт дагуулж эхэлснийг “Аль-Жазира” агентлаг онцоллоо.
АНУ болон Канадын ихэнх хотуудыг хамарсан халууны нөлөөгөөр агаарын хэм зарим бүс нутагт 43°C-аас давж байгаа нь тоглогчид төдийгүй хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.
Хэт халалтын нөлөө цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дэд бүтцээс хамааран өөр өөр байна. Даллас, Хьюстон, Атланта зэрэг хотуудын цэнгэлдэхүүд хөдөлдөг дээвэр болон дотоод агааржуулалтын бүрэн системтэй тул тэмцээнийг сэрүүн орчинд явуулах боломж бүрджээ.
Харин Торонто, Канзас-Сити, Филадельфи хотуудын задгай цэнгэлдэх хүрээлэнгүүд нэгдсэн агааржуулалтгүй тул олон арван мянган хөгжөөн дэмжигчид болон тамирчид нарны шууд тусгал дор тоглохоос өөр аргагүйд хүрч байна. Тухайлбал, Торонто хотод болсон Португал-Хорватын тоглолтын үеэр агаарын чийгшилээс шалтгаалж халууны хэм 40°C мэт мэдрэгдэж байсан бол удахгүй болох Колумби-Гана, Парагвай-Францын тоглолтуудын үеэр 43°C хүртэл халах төлөвтэй байна.
Үүнээс гадна цаг уурчид цэнгэлдэх хүрээлэн рүү алхах замд үүсэх "далд" аюулыг анхааруулж байна. Даллас хотод агаарын хэм 32°C байх боловч гаднах бетон болон асфальтан зам халууныг өөртөө шингээснээс үүдэн зам дээрх температур 50°C хүртэл халж, хөгжөөн дэмжигчид наранд цохиулах өндөр эрсдэлтэйг санууллаа.
FIFA тоглогчдоо хэрхэн хамгаалж байна вэ?
Элит тамирчдын дунд халуунаас үүдэлтэй зүрхний шигдээс, наранд цохиулах эрсдэл нэмэгдэж байгаа тул Олон улсын хөлбөмбөгийн холбооноос дараах шуурхай зохицуулалтуудыг хийж байна.
Тоглолтын үе бүрийн дундуур цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран заавал 3 минутын хугацаатай шингэн нөхөх завсарлага гаргаж байна. Хэдийгээр ус уух завсарлагыг тоглолтын хэмнэлийг алдагдуулж, сурталчилгааны цаг гаргах гэсэн арга хэмээн зарим дасгалжуулагчид шүүмжилж байгаа ч ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино үүнийг цэвэр тамирчдын эрүүл мэндийн төлөөх алхам хэмээн няцаалаа.
Багуудад 5 хүртэлх тоглогч сэлгэх эрх олгож, тоглолт хоорондын амралтыг хамгийн багадаа 3 өдөр байхаар зохицуулсан байна. Мөн задгай цэнгэлдэх хүрээлэнгүүдийн сэлгээний суудлуудыг тусгай сэрүүцүүлэгч системээр тоногложээ.
Хэт халууны улмаас Филадельфи зэрэг хотуудад хөгжөөн дэмжигчдээ хамгаалан FIFA Fan Festival-ийн ажиллах цагийг богиносгов. Зохион байгуулагчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд хөгжөөн дэмжигчдэд хандан тогтмол ус уух, согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлах, сүүдэр газар болон агааржуулагчтай орчинд амрахыг зөвлөж байна.
Тэмцээн зохион байгуулагдаж буй хотуудад сүүдрэвч, усан мананцар үүсгэгч болон үнэгүй ундны усны цэгүүдийг нэмж байршуулсан бөгөөд эмнэлгийн багууд бэлэн байдалд ажиллаж байна. Тоглолт үзэж буй иргэдийг толгой эргэх, ухаан санаа балартах, эсвэл хөлс гарахаа болих зэрэг наранд цохиулах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахыг анхаарууллаа.