
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн тэгш ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх, дурсан санах, түүний үйл хэргийг хойч үед таниулах, өвлөн уламжлуулах зорилгоор “Жамцын Бадраа” сангаас санаачлан Монголын театрын музейд Ж.Бадраагийн амьдрал, уран бүтээлээс харуулсан үзэсгэлэнг өчигдөр нээлээ.
Ж.Бадраагийн үйл хэргийн жин дарах хэсгийг ардын билиг зүй, хөгжим судлал эзлэх бөгөөд “язгуур урлаг”, “уламжлалт сонгодог урлаг” гэсэн ангилал, уртын дуу, хөгжмийн төрөл зүйлийг ангиллын судалгааны шинжилгээний эргэлтэд нэвтрүүлсэн байдаг. Түүнчлэн өнөөгийн бидний хэрэглэж хэвшсэн төгөлдөр хуур, хийл, дуурь, бүжгэн жүжиг, яруу тунгалаг найрал хөгжим зэрэг олон арван нэр томьёог монгол хэлнээ орчуулан нэвтрүүлжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач, тоймч Ч.Буянхишиг “Олон талын мэдлэг, арвин бүтээлтэй, орос, англи, хятад, хинди хэлтэй, эх оронч, үндэсний үзэлтэй ховор хүн байсан. Монголын радиод 1952 онд ирж ажиллахдаа улс төр, урлаг, хүүхэд, утга зохиолын редакц байгуулсан нь одоо ч хэвээр. Ард түмний дунд мартагдах шахсан үнэт өвүүдийг олж харж, ардын язгуур урлагийн наадмыг зохион байгуулсан. Бидний мэдэхгүй, мартагдсан маш олон уртын дуу, хөөмийн төрөл зүйлийг гаргаж ирж, олон нэвтрүүлэг хийсэн. Түүний уран бүтээл нь маш суурьтай, судалгаатай байдаг. Монголын радиод Ж.Бадраагийн дууны 241 бичлэгээс гадна дуулагдаагүй олон дуу бий” гэлээ.
Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш Монгол Улсын Их Сургуульд зохион байгуулагдана. Мөн Ж.Бадраагийн шүлэг, Ц.Намсрайн хөгжим “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол гуравдугаар сарын 21-ний өдөр болно.
Ж.Бадраа Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд 1926 оны гуравдугаар сарын 21-нд төрж, 1950 онд МУИС-ийг хэл бичиг, утга зохиолын мэргэжлээр төгсөөд, 1958 онд БНЭУ-ын Дэли хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэл чиглэлээр сурчээ. Дээд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөнд нэг жил багшлаад, Улсын радиогийн хороонд урлаг, уран сайхны редакцид ажиллаж, УИХ-ын дептатутаар сонгогдож байв. Ж.Бадраа 1959 онд хэлмэгдэж, Ховд аймагт ажиллахдаа яруу найраг, утга зохиол судлалаар төрөл бүрийн нийтлэл, материалд судалгаа хийсэн байдаг. Түүнчлэн, "Хөгжмийн нэр томьёо", "Монгол Ардын хөгжим" нэг сэдэвт бүтээл, дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвиж, "Уяхан хорвоон хань", "Чандмань эрдэнэ", "Халуун элгэн нутаг минь" эмхэтгэл хэвлүүлэн, монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын 60 гаруй шүүмж, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. "Сүнжидмаа" дуут бүжгийн цомнол, 10 гаруй найраглал бичсэнээс орос, итали, хинди хэлнээс “Евгений Онегин”, "Лусын дагина", “Тоска” дуурь, Таагүүрийн "Өргөлийн дуулал", "Цусан тахилга" жүжиг, уран сайхны кино, дууны шүлэг хэдэн арвыг орчуулсан. Улсынхаа бүх сумаар явж ардын билиг авьяастныг судлан "Ардын дуу хуур" телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, телевизийн "Монгол хөөмэй", "Цацал", "Ингэн эгшиг", "Уртын дуу", "Дэмбээ мань даа хө" баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртэж байжээ.


