CAMCA форум нь 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байна. Энэ жилийн 11 дэх удаагийн форумыг Монгол Улс энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Уулзалтыг зохион байгуулснаар Монгол улс Төв Ази, Кавказ, Монгол болон Афганистаныг холбосон стратегийн хэлэлцүүлгийн төвд байр сууриа бэхжүүлэх юм.

Форумыг АНУ-ын Төв Ази-Кавказын Хүрээлэн, Рамсфелд Сан, болон CAMCA нетворк хамтран зохион байгуулж байна. CAMCA сүлжээ нь бүс нутгийн 10 орны 300 гаруй залуу манлайлагчийг хамарсан хамтын ажиллагааны платформ юм. Тус платформын гишүүн орнуудын тоонд Монгол, Афганистан, Армени, Азербайжан, Гүрж, Казакстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекстан улсууд багтдаг.

Монгол Улс Төз Азийн бүс нутгийн бодлого, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй тоглогчоор гарч ирж байна. Форумын хүрээнд 300 гаруй төлөөлөгч Улаанбаатар хотод чуулж, хоёр өдрийн турш бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Форумын үндсэн зорилго нь бүс нутгийн орнуудын бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг гүнзгийрүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, технологи болон инновацийн түншлэлийг хөгжүүлэх явдал юм.