
Орос Украинд халдан довтолсноос хойш БНХАУ, ОХУ-ын гүнзгий харилцаа барууны орнуудад байнгын түгшүүр төрүүлсээр байна.
Ши Жиньпин болон Владимир Путин энэ долоо хоногт Оросын Ерөнхийлөгчийг Бээжинд айлчлахын өмнө ням гарагт “баяр хүргэсэн захидал” солилцсон талаар Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Ши Жиньпин хоёр талын хамтын ажиллагаа “тасралтгүй гүнзгийрч, улам батжиж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ жил Хятад, Оросын стратегийн түншлэлийн 30 жилийн ой тохиож байгааг Хятадын төрийн хэвлэлүүд онцоллоо.
Владимир Путины Бээжинд хийх айлчлал мягмар, лхагва гарагт товлогдсон байна.
Хятадын төрийн мэдлийн шар хэвлэл болох Global Times даваа гарагт нийтэлсэн өгүүлэлдээ АНУ болон Оросын тэргүүний айлчлал Бээжинг “дэлхийн дипломат ажиллагааны төв цэг болж буйг харуулж байна" гэжээ.
Global Times Хятад улс нэг долоо хоногийн дотор АНУ болон Оросын удирдагчдыг дараалан хүлээн авч байгаа нь хүйтэн дайнаас хойших маш ховор үзэгдэл болохыг онцолжээ.
2022 онд Москва Украинд бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш Хятад, Оросын гүнзгийрсэн харилцаа барууны орнуудад улам их түгшүүр төрүүлэх болсон юм. Барууны дипломатчид болон шинжээчдийн үзэж буйгаар тэр цагаас хойш Хятад улс Орост үзүүлсэн эдийн засаг, дипломат дэмжлэгээрээ дайныг үргэлжлүүлэх боломжийг нь хадгалж өгчээ.
Ши Жиньпин болон Владимир Путин 40 гаруй удаа уулзсан нь Шигийн барууны удирдагчидтай хийсэн уулзалтуудаас хавьгүй олон тоо юм. 2022 оноос хойш хоёр талын худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрч, Хятад улс Оросын экспортын дөрөвний нэгээс илүүг худалдан авч байна. Хятад Оросын түүхий нефтийг их хэмжээгээр худалдан авснаар Москва Украин дахь дайнд ашиглах хэдэн зуун тэрбум ам.долларын орлоготой болсон байна.
“Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв”-ийн мэдээллээр бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Бээжин Оросоос 367 тэрбум ам.долларын чулуужсан түлш худалдан авчээ.
Эдгээр худалдан авалт нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжсэн бөгөөд Ойрхи Дорнодын хямралын улмаас Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх ажиллагаа зогссон энэ үед улам чухал ач холбогдолтой болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Дональд Трамп, Ши Жиньпин нарын хэлэлцээний үеэр Украины дайн болон Хятад-Оросын харилцаа гол сэдэв болоогүй бололтой.
Хятадын талын мэдэгдэлд “Украины хямрал”-ын талаар дурдах төдий байсан бол АНУ-ын мэдэгдэлд энэ талаар огт дурдаагүй байна.
Үүний оронд АНУ-Хятадын яриа хэлэлцээ худалдаа, Тайвань, Ойрхи Дорнод дахь дайн дээр төвлөрсөн бололтой бөгөөд Дональд Трамп Хятад Ормузын хоолойг дахин нээх шаардлагатай гэдэг дээр өөртэй нь санал нийлсэн гэж мэдэгджээ.
“Ши-Путиний уулзалтын далд сэдэв нь Тайвань байж магадгүй”
Atlantic Council байгууллагын ахлах судлаач Жозеф Вебстер мэдээллийн товхимолдоо “Ши-Путиний уулзалтын далд агуулга нь Тайвань байж магадгүй” гэж бичжээ.
Түүний үзэж буйгаар Бээжин ирээдүйд мөргөлдөөн гарах тохиолдолд эрчим хүчний нийлүүлэлтээ баталгаажуулахын тулд Москвагаас илүү олон чулуужсан түлшний гэрээ байгуулахыг эрмэлзэж байж магадгүй аж.
Вебстер “Оросоос Хятад руу чиглэсэн газрын тосны хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь Тайванийн нөхцөл байдал үүссэн үед Бээжингийн газрын тосны аюулгүй байдлыг мэдэгдэхүйц сайжруулна” гэжээ.
Орос улс мөн хоёр орны хоорондох одоогийн сүлжээнд нэмэлтээр 50 тэрбум шоо метр хүчин чадал нэмэх “Сибирийн хүч 2” хийн хоолойн төслийг урагшлуулахыг Хятадаас шахаж байгаа юм.