
Мьянмарын цэргийн засаглал хуучин тагнуулын албаны дарга Е Вин Үү-г армийн ерөнхий командлагчаар томилж, тус улсын хамгийн нөлөө бүхий албан тушаалуудын нэгийг удаан хугацааны үнэнч дэмжигчид нь шилжүүллээ.
Энэхүү томилгоо нь цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлайн ерөнхийлөгчийн албан тушаалд шилжихээр бэлтгэж буйтай давхцаж байна. Ингэснээр тэрбээр зэвсэгт хүчний шууд удирдлагыг орхих боловч нөлөөгөө хадгалах боломжтой гэж ажиглагчид үзэж байгаа юм.
60 настай Е Вин Үү нь 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн үеэр гол үүрэг гүйцэтгэн Аун Сан Су Чи-г баривчлах ажиллагааг удирдсан юм. Энэ үйл явдал нь Мьянмарыг иргэний дайнд түлхсэн билээ.
Тэрбээр Мьянмарын түүхэнд тагнуулын албанаас шууд армийн тэргүүн болсон анхны хүн болж байна. Шинжээчид түүний томилгоонд Мин Аун Хлайнтай ойрын харилцаатай байдаг нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ.
Цэргээс гарч сөрөг хүчинд нэгдсэн хурандаа Наун Ё “Мин Аун Хлайн өөрийн хамгийн итгэлтэй дотоод хүрээний хүнийг сонгож, эрх мэдлээ дамжуулж байна” гэж хэлсэн байна. Тэрбээр “Е Вин Үүг томилсноор өөрийн нөлөө, эрх мэдлийг хадгалж, армийг шууд бусаар удирдах боломжтой болно” гэж нэмж хэлэв.
Энэхүү томилгоо нь парламент шинэ ерөнхийлөгчийг сонгох улс төрийн шилжилтийн үе шаттай давхцаж байна. Эрх баригчид үүнийг иргэний засаглал руу буцаж буй алхам гэж тодорхойлж байгаа ч шүүмжлэгчид цэргийн дэглэмийг хадгалах оролдлого гэж үзэж байна.
Е Вин Үүгийн дэвшил нь олон жилийн туршид бий болсон ивээл, ойр харилцааны үр дүн гэж ажиглагчид үздэг. Тэрбээр элит Батлан хамгаалахын академид суралцаагүй, офицер бэлтгэх сургуулиас гаралтай бөгөөд явган цэргийн албанаас карьераа эхэлжээ. Дараа нь Янгонд ажиллахдаа Мин Аун Хлайнтай ойртож, дотоод хүрээнд нь багтсан байна.
2020 онд түүнийг Цэргийн аюулгүй байдлын албаны даргаар томилсноор тагнуул, байцаалтын ажиллагааг хариуцах болсон нь түүний нөлөөг эрс нэмэгдүүлсэн гэж үздэг. Мьянмар дахь Стратеги, бодлогын хүрээлэнгийн шинжээч Найн Мин Хант “Е Вин Үү Мин Аун Хлайны ивээл дор ихээхэн эрх мэдэлтэй болж, түүний засаглалыг тогтоон барих гол тулгуур болсон” гэжээ. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар түүний удирдлага дор хот суурин газруудад тагнуул, босогчдын эсрэг ажиллагаа сайжирсан байна.
Гэсэн хэдий ч Мьянмарын аюулгүй байдлын хүчнүүд сүүлийн жилүүдэд олон улсын шүүмжлэлд өртсөөр ирсэн. НҮБ-ын мөрдөн шалгах байгууллагууд тэднийг хорих байранд эрүүдэн шүүх, хүний амь хөнөөх зэрэг үйлдэлд буруутгаж байгаа юм.
Өнгөрсөн жилийн тайланд “зодох, цахилгаан цочрол өгөх, боомилох, бахиар хумс сугалах зэрэг эрүүдэн шүүх аргууд хэрэглэгдсэн” гэж дурдсан байна.