
Косовогийн эрх баригчид 1998–1999 оны дайны үеийн байж болзошгүй дайны гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гурав дахь бөөнөөр нь булшилсан байж болзошгүй газрыг тогтоосноо мэдэгдлээ.
Даваа гарагт хоёр дахь газраас хүний шарил илрүүлсний дараа эрх баригчид мягмар гарагт гурав дахь газарт малтлага эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдээлсэн юм. Тус газраас одоогоор нийт 11 шарилыг илрүүлээд байна.
Косовогийн Тусгай прокурорын газраас гаргасан мэдэгдэлд "Мөрдөн шалгах ажиллагаа эмзэг шатандаа яваа тул одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна" гэжээ.
Тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Албаничууд болон Сербийн зэвсэгт хүчний хооронд болсон Косовогийн дайн 10 мянга гаруй хүний аминд хүрсний дийлэнх нь албаничууд байсан бөгөөд нэг сая гаруй хүнийг дүрвэхэд хүргэсэн юм.
Косовогийн эрх баригчид одоог хүртэл 1600 хүний шарил олдоогүй, сураггүй хэвээр байгаа гэдэг.
Өнгөрсөн долоо хоногт Зубин Поток орчимд малтлагын ажил эхэлж ойролцоох тосгодын орчимд 23 хүртэлх хүнийг оршуулсан байж болзошгүй гэж үзсэн тул хайгуулын хүрээг тэлжээ.
Одоогоор илрүүлсэн шарилуудыг ДНХ-ийн шинжилгээ болон хэн болохыг тогтоох ажиллагаанд шилжүүлжээ. Улсын прокурорууд энэ үйл явц хэдэн сар үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна.
Ням гарагт гурав дахь газрыг илрүүлэхээс өмнө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Албулена Хажиу фэйсбүүктээ хоёр дахь бөөн булш илэрсэн нь дайны үеэр үйлдэгдсэн гэмт хэргүүдийг "дахин сануулсан эмгэнэлт баримт" хэмээн бичиж байсан юм.
Тэрээр "Илэрсэн булш бүр үнэнийг тогтооход нэг алхам ойртуулж байгаа төдийгүй сураггүй болсон сүүлчийн хүн олдож, буруутнууд хуулийн хариуцлага хүлээх хүртэл дайны шарх аниагүй хэвээр байгаагийн нотолгоо юм" хэмээн онцолжээ.
Мөн тэр өдөр X хуудсандаа Сербийг "сураггүй болсон хүмүүсийн талаарх үнэнийг нуун дарагдуулж, гэрчүүдийг айлган сүрдүүлж, шударга ёсыг тогтооход саад учруулсаар байна" хэмээн буруутгажээ. Тэрээр цааш нь "Олон улсын түншүүд энэ үйлдлийг буруушаах ёстой. Бүгд Найрамдах Косово Улс хохирогч бүрийн хувь заяаг тогтоох хүртэл эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэж мэдэгдсэн байна.
Одоогоор Косовогийн цагдаа нар дайны гэмт хэрэгт холбогдуулан тухайн орон нутгийн гурван эрэгтэйг баривчилсан аж.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Альбин Курти мөн бямба гарагт илрүүлсэн шарилууд нь 1999 оны хавар хулгайлагдан, цаазлагдсан байж болзошгүй 23 албаничуудынх байх өндөр магадлалтай гэж мэдэгджээ.