
Үргэлжилсэн халууны улмаас хүмүүс гадуур гарч хооллох, кофе уух, архи дарс уухаас татгалзах болсон нь ресторан, кафе, баарны үйлчлүүлэгчдийн тоог эрс бууруулж, үйлчилгээний салбарт дахин хүндрэл учруулж байна.
Хэт халууны улмаас оффисын ажилтнууд хамт олноороо гадуур хооллохын оронд хоолоо хүргэлтээр захиалах нь нэмэгдэж, ажлын дараа хамт олонтойгоо уулзаж суухын оронд шууд гэртээ харих хандлага түгээмэл болжээ. Баасан гарагт нийтлэгдсэн мэдээллээр Сөүлийн бизнес, худалдааны томоохон бүсүүд болох Гванхвамүн, Жунггак, Ёйдо, Ганнам орчмын хэрэглэгчдийн идэвх мэдэгдэхүйц буурсан байна.
Сөүлийн бодит цагийн хотын мэдээллийн системийн дагуу пүрэв гарагийн 18:00-19:00 цагийн хооронд Ёйдо дүүргийн худалдааны бүсийн идэвхийн индекс өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 5.8 хувиар буурчээ. Энэ индекс нь тухайн бүсэд хүмүүсийн хийж буй хэрэглээ, зарцуулалтын түвшинг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Ёйдод махан зоогийн газар ажиллуулдаг нэгэн эзэн "Бизнесээ хэвийн авч явахын тулд өдөрт дор хаяж 3 сая вон (ойролцоогоор 2113 ам.доллар)-ын борлуулалт хийх шаардлагатай. Гэтэл сүүлийн үед халуунаас болоод өдөрт 1 сая вонд ч хүрэхгүй борлуулалттай байх тохиолдол олон боллоо” гэдгээ хэлжээ.
Тэрээр мөн "Өмнө нь орой болгон ойролцоогоор 10 баг үйлчлүүлдэг байсан бол сүүлийн хоёр долоо хоногт ердөө гурван баг л ирж байна. Хүмүүс ажлын дараах уулзалтаа алгасаад гэрээсээ хоол хүргэлтээр захиалж байгаа бололтой" гэдгийг ч онцлов.
Ёйдод байрлах үнэт цаасны компанийн нэг ажилтан "Хэт халуун болохоор оройн хоолонд гарахаас илүү оффистоо хамтдаа хүргэлтийн хоол захиалдаг болсон. Орой болохоор бүгд л ядарчихсан, шууд гэртээ харихыг хүсдэг" болсноо тайлбарлажээ.
Жунггак өртөө орчмын ресторан, кафе төвлөрсөн бүсийн худалдааны идэвх мөн өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 28.9 хувиар буурсан бол Ганнам өртөө орчимд 12 хувиар буурсан байна.
Температур хамгийн өндөр байсан өдрийн үдээс хойш 15:00 цагийн үед хэрэглэгчдийн хэрэглээ, зарцуулалтын түвшин
Мөн өдрийн хоолонд гадуур гарах хүмүүсийн тоо ч буурчээ.
Лхагва гарагт агаарын температур 36 хэмд хүрэх үед Гванхвамүн дүүргийн худалдааны идэвхийн индекс үдээс 12:00-13:00 цагийн хооронд өмнөх долоо хоногийн мөн үеэс 42.9 хувиар буурсан байна.
Харин үүний эсрэгээр хоол хүргэлтийн үйлчилгээний эрэлт өсжээ. Хоол хүргэлтийн Baemin платформын мэдээллээр, Сөүл хот даяар хэт халалтын анхааруулга хүчин төгөлдөр байсан долдугаар сарын 29-нөөс энэ долоо хоногийн лхагва гараг хүртэлх хугацаанд хоол хүргэлтийн захиалга өмнөх сарын ижил хугацаатай харьцуулахад ойролцоогоор 6 хувиар нэмэгдсэн аж.