
Хувь хүний орлогын албан татвар тойрсон ийм гомдол, бухимдал нийгмийн сүлжээнд их.
Жишээ 1.
“Байраа 70 сая төгрөгт зарлаа. Гэтэл улс орлогын албан татвар гээд нүдэн дээр 1.4 сая төгрөгийг минь ганц минутын дотор аваад явчихлаа. Энэ орон сууцыг авахад улс надад нэг төгрөгөөр ч болов тусалсан бил үү. Мөнгө хүрэхгүй, зээл хөөцөлдөөд явахад минь уриалгахан хандсан уу. Бараг л бүх хамаатан садан, ах дүү, хашааны нохойгоо хүртэл тоочоод ч зээл өгөөгүй. Тиймээс уух, идэхээ танан байж цуглуулсан хэдэн төгрөг дээрээ ах, дүү, аав, ээжээсээ зээлж нэмсээр арай гэж авсан миний эд хөрөнгө юмсан. Гэтэл яагаад би энэ хогийн татварыг төлөх ёстой юм бэ”
Жишээ 2.
“Гэрлэн дохион дээр зогсож байтал нэг этгээд хажуугаас мөргөчихдөг юм. Даатгалаараа хохирлыг минь барагдуулахаар болоод, үнэлгээ хийлгэлээ. Хохирлын үнэлгээ 1 290 000 төгрөг болсон. “Ард” даатгалаас энэ мөнгийг шилжүүллээ гэхээр нь шалгатал 1 160 000 төгрөг байна. Гайхаад асуутал “Хувь хүний орлогын албан татвар гэж 10 хувийг нь суутгасан” гэлээ. Энэ одоо орлого гэж үү. Яагаад ийм мөнгөнөөс хүртэл орлогын албан татвар авна вэ”
Таны эргэн тойронд, танд ч ийм жишээ тохиолдсон байж болно. Тэгвэл татварын хууль, эрх зүй, тогтолцоонд эргэж харах шаардлагатай дутагдал, зарим талаар “хулгай”, дээрэм ч гэж хэлж болохуйц зүйл цөөнгүй бий нь үнэн.
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэж бий. Уг татварыг Монгол Улсын иргэдээс гадна гадаадын иргэд ч төлөх учиртай. Манай улсад 12 сарын хугацаанд 183 ба түүнээс дээш хоног оршин суусан, олж буй орлогынхоо 50 хувийг манай нутаг дэвсгэрт, эсвэл Монголтой холбоотой эх үүсвэрээс олсон бол татвар төлдөг аж. Байраа авахад минь нэг ч төгрөгөөр туслаагүй атлаа төр яасан гэж хоёр хувийн татвар авч байгаа юм хэмээн иргэд бухимддаг. Үнэхээр л бодоход шударга бус санагдана. Тэгвэл дээрх хуулийн 6.3-т ямар орлогоос татвар авахыг заажээ. Үүнд та бид өөрсдийн хүчээр хуруу хумсаа хэмлэн байж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө худалдаж авсан орон сууц, машин, бусад эд хөрөнгөө зарах бол улсад татвар төлнө хэмээн цагаан дээр хараар бичжээ. Тодруулбал, цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн мөнгөнөөс татвар авна хэмээн хуульчилсан байна.
Цалингаасаа бид бүгд татвар төлдөг, үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү хувь хэмжээ, шимтгэлээ бууруулж өгөөч л гэж хүсдэг.
Тэгвэл хүн өөрийн хүчээр авсан эд хөрөнгөө борлуулах, шилжүүлэхэд улс яагаад татвар аваад байна вэ. Хариу нь “Та Монгол Улсын нутаг дэвсгэрт, хууль, эрх зүйн хүрээнд, манай зах зээлд энэ хөрөнгийг худалдаж авсан. Бидний системийг ашигласан учраас төр таны хөрөнгөөс татвар авна”. Ийм логик аж. Нөгөө талаас эд хөрөнгө зарж борлуулахад татвар авснаар далд мөнгийг ил болгох, хянах зорилготой байдаг. Гэхдээ энгийн иргэд 2-3 байртай, үл хөдлөхтэй байх нь ховор. Улстөрчид, хууль бусаар баяжсан хүмүүст л төрийн ийм хяналтын хэрэг гардаг байх.
Олон улсад ч иргэн нь эд хөрөнгөө зарах, борлуулахад татвар авдаг. Гэхдээ манайхаас ялгаатай нь тэдний татварын систем илүү уян хатан, өршөөнгүй байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн ашиг дээр л эдгээр улс татвар ногдуулдаг. Чи 100 сая төгрөгөөр авсан байраа 130 саяд зарсан бол нэмэгдэл 30 саяаас нь орлогын албан татвар авна гэсэн үг. АНУ, ХБНГУ зэрэг оронд тухайн эд хөрөнгийн ашгаас гадна ашигласан хугацаанаас хамаарч татвар оноодог юм байна. 10 жилээс дээш хугацаагаар амьдарсан орон сууцаа зарж буй бол Герман улсад татвар авдаггүй. Энэ мэтээр зохицуулдаг. Харин манайд ашигтай байсан, үгүйг үл харгалзсан татвараа заавал авдаг. Ялангуяа машиныг авсан үнээсээ өсгөж зарах боломж бараг байдаггүй. Харин орон сууцын тухайд жил ирэх бүр үнэ өсөж буй тул анх авснаасаа хэдэн төгрөгөөр нэмж зарсан, тухайн үнэд л татвар ногдуулбал шударга болох нь.
Нөгөө талаар уг татварыг хүчингүй болгох нь шударга гэж үздэг хүн олон. Хуульч Ц.Батхүү үл хөдлөх хөрөнгө борлуулахад төрийн авдаг хоёр хувийн татварыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдөл санаачилсан. Үүнийг 100 мянган иргэн дэмжсэн тул УИХ-ын холбогдох Байнгын хороонд өнгөрсөн арваннэгдүгээр сард шилжүүлсэн юм. Гэвч уг асуудал Төсвийн байнгын хороонд очоод гацсан байв. Ажлын хэсэг нь хуралддаггүй, ирц бүрддэггүй. Энэ талаар тэрээр тухайн үед “УИХ-ын гишүүдэд уг татварыг хүчингүй болгох хүсэл эрмэлзэл алга” хэмээн шүүмжилж байсан билээ. Тэгвэл “тоосонд дарагдсан” эл өргөдлийг УИХ-ын дарга Н.Учрал санаж, энэ сарын 28-нд ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна. Холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх хөрөнгөөс хоёр хувийн татвар авах заалтыг хүчингүй болгох төсөл боловсруулах үүргийг ажлын хэсэг хүлээжээ. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийг ахалж, парламентад суудалтай бусад намаас төлөөлөл орсон байна. Улс төрийн намууд том, жижиг гэлтгүй УИХ-ын сонгуулиар аливаа татварыг бууруулна, нэмэхгүй гэж амладаг. Тиймээс ядаж энэ төрлийн татварын “дээрэм”-ийг зогсооход санаа тавина гэж найдах үлдэв.

Харин машиныхаа хохирлыг барагдуулах зорилгоор даатгалын компаниас авч буй нөхөн төлбөр орлого мөн үү. Манайд бол мөн гэж үзээд татвар авсан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд шууд бус орлогыг тодорхойлжээ. Үүний 11.1.5-т “Ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөрийг шууд бус орлого” гэж үзнэ гэжээ. Шууд болон шууд бус орлогоос улс татвар авдаг.
Тэгэхээр бусдын машиныг мөргөж хохироосны төлбөрөө барагдуулж буй хүнээс буюу түүнтэй гэрээ хийсэн даатгалын байгууллага уг татварыг төлнө гэж ойлгогдож байна. Гэтэл өөрсдөө төлөх ёстой татварыг эсрэгээр хохирсон хүнээс нь авчихсан болж таарав. Энэ чинь алдаа, гажуудал, “дээрэм” биш гэж үү.
Дэлхийн бусад улсад машинаа мөргүүлээд даатгалаас хохирлоо барагдуулсан мөнгийг орлого гэж үздэггүй. Тиймээс орлогын татвар авдаггүй. Учир нь энэ бол алдагдлаа барагдуулах гэж буй нөхөн төлбөр. Эндээс иргэн ашиг олохгүй, машинаа анх байсан хэлбэр рүү нь ойртуулж, засуулах гэж буй мөнгө шүү дээ.
Бид татварын асуудал ярихдаа цалин, урамшууллаасаа төлдөг ХХОАТ, НДШ-ийн хувь хэмжээ өндөр байгаа, НӨАТ-ийн буцаан олгох хувийг нэмэх талаар хөнддөг. Сонгууль бүрээр улс төрийн намууд, ялангуяа эрх баригчид татвар нэмэхгүй хэмээн амладаг ч сонгогдсоныхоо дараа ёс мэт үүнийгээ зөрчдөг. Ерөөс аливаа төсвийн орлогын дутагдал, эрсдэл үүсмэгц бүх төрлийн татварыг нэмэх замаар асуудлаа шийддэг “уламжлал” тогтоод удсан. Татварыг огцом нэмж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруунд ачаалал үүрүүлж байснаа үүнийгээ багахан бууруулаад “баатар” мэт авирладаг жишээ бий. Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганаар эдгээр төслийг хэлэлцэнэ хэмээн хүлээж буй.
Тэгвэл энэ мэт шударга бус татвар, гажигтай тогтолцооноос үүдсэн хохирлыг хэн хариуцах вэ. Орлого, нөхөн төлбөр хоёроо хэзээ ялгаж зааглах вэ. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгөө борлуулахдаа багагүй хэмжээний мөнгийг улсад зүгээр өгөхгүйн тулд иргэд бэлэглэлийн гэрээ хийж, өөр ямар “цоорхой” байгааг эрж хайдаг. Нэг иргэн амьдралдаа тийм олон удаа байр авч, бас зарахгүй. Тийм боломж Монгол Улсын энгийн, дундаж орлоготой иргэдэд байхгүй. Олонх нь л арай хийн авсан ганц орон сууцандаа насаараа амьдардаг, боломж нь гарвал түүнийгээ сольж, сайжруулахыг хичээдэг. Нэмээд өвдсөн, зовсон янз бүрийн шалтгаанаар мөнгө хэрэг болоход үл хөдлөх хөрөнгөө зарна. Ийм атал “Далд орлого, эд хөрөнгө олчих вий” гэж иргэдээ хардах нь утгагүй юм.
Үнэхээр л “системээ ашиглуулсны төлбөр” авах бол зөвхөн ашигтай орлогоос л ав. Ийм шударга татварын системийг нэвтрүүл. Ер нь үл хөдлөх хөрөнгөөс авдаг хоёр хувийн татварыг хүчингүй болговол иргэдэд хэрэгтэй ганц зөв шийдвэр болно.
Хаврын чуулган эхлэхэд Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн дээрх ажлын хэсэг боловсруулсан төслөө өргөн барьж, ажил хэрэг болгоно гэж хүлээе.
С.Туул