
УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд найрамдах социалист Вьетнам улсад суугаа Элчин сайд Г.Хулан болон албаны бусад хүмүүс угтан авав.
Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Мантай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.