
Хятадын боомтод засвар хийлгэж байсан ачааны хөлөг онгоц шатаж, 25 хүн амиа алдсан гэж тус улсын төрийн хэвлэл пүрэв гарагт мэдээлжээ.
Уг хөлөг Хятадын зүүн хойд эрэг дэх томоохон тээврийн зангилаа болох Чиндао боомтын Beihai Shipbuilding Co. усан онгоцны үйлдвэрт засвар хийлгэж байсан байна. Синьхуа агентлаг шатсан хөлөг онгоцыг Либерийн далбаатай Ocean Melody гэж тодорхойлсон бөгөөд энэ мэдээллийг VesselFinder хөлөг онгоцны хяналтын цахим хуудас мөн баталжээ.
Синьхуагийн мэдээлснээр, хөлөг дээр нийт 42 хүн байснаас 12-ыг нь эсэн мэнд нүүлгэн шилжүүлсэн байна. Таван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

Гал пүрэв гарагийн өглөөний 11 цагийн орчимд гарч, орон нутгийн цагаар 14:30 гэхэд унтраасан байна. Хятадын дарга Ши Жиньпин хөлөг дээр сураггүй болсон хүмүүсийг яаралтай аврах талаар “чухал үүрэг даалгавар” өгсөн гэж Синьхуа мэдээлэв. Тус агентлаг мөн Ерөнхий сайд Ли Цян “гацсан” хүмүүсийг аврахыг шаардсан гэжээ.
Ши мөн “урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж”, “томоохон болон гамшгийн хэмжээний ослоос тууштай сэргийлэх”-ийг уриалсан байна.
Beihai Shipbuilding нь дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч болох төрийн хяналттай China State Shipbuilding Corporation-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Тус компанийн цахим хуудсанд дурдсанаар, үндсэн үйл ажиллагаа нь усан онгоц үйлдвэрлэх болон засварлах ажээ.