
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
БНХАУ-тай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох, нүүрс худалдах, Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт хоёр улсын Ерөнхий сайд гарын үсэг зурах ёслол Харбинд болсон. Тиймээс үүнийг Харбины гэрээ хэмээн нэрлээд байгаа юм. Нүүрсээ хэт хямдхан үнээр худалдан гэрээ байгууллаа хэмээн УИХ-ын зарим гишүүд шүүмжилж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулж хяналтын сонсгол хийхээр тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн юм. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд тав хоногийн завсарлага авсан. Хаврын чуулган нээгдэхтэй зэрэгцээд завсарлагын хугацаа нь дууссан. Тиймээс өнөөдөр Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 62.3 нь тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав.