
Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII тэмцээн Азербайжаны Баку хотод болж өчигдөр хаалтаа хийлээ. 14 орны баг тамирчид оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй найман тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож түүхэн амжилт үзүүллээ.
Тэмцээний байлдааны тархалтын төрөлд 25.08 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медаль хүртэж, шилдэг амжилт үзүүлсэн багийн тоонд багтлаа.
Манай улсын баг тамирчид 2017 онд Турк Улсын Измир хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалтын төрөл”-д багаараа хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл тэд энэхүү түүхэн амжилтаа бататган, энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд улсынхаа рекордыг 25.08 секундын амжилтаар шинэчлэн тогтоож, ДАШТ-ий мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.
Ташрамд дуулгахад, 2026 онд Гал унтраах техник спортын холбооны түүхэн 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын баг тамирчид 1973 онд Болгар улсад зохион байгуулагдсан социалист орнуудын нөхөрлөлийн тэмцээнд анх оролцож байжээ.
