
“Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын талбайд “Хүүхэд хамгааллын гэр” ажиллуулж байна.
Тус гэр нь баяр наадмын үеэр хүүхэд эцэг, эхээсээ төөрөх, бага насны хүүхдүүд даарах, мөсөн дээр унах, бэртэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Тус гэрээр өнөөдөр 120 гаруй хүн үйлчлүүлснээс 56 нь хүүхэд байв. Мөн төөрсөн нэг хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Даарсан хүүхдүүд дулаацаж, тоглож наадан, халуун шүүс уун үйлчлүүллээ. Харин ээжүүд хүүхдээ хуурайлж, живхийг нь сольж, аюулгүй байдлын зөвлөмж авч үйлчлүүлжээ. Мөн Хатгал тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хамтран ажиллаж, зарим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэв.