
2025-2026 оны хичээлийн жил ирэх долоо хоногт эхэлнэ. Энэ жил хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчилсэн. Улмаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрвөн улирлаар хичээллэхээр болсон юм.
Өмнөх хичээлийн жилийн бүтэц гурван улиралтай байсан бөгөөд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилж байсан. Үүнийг эцэг, эхчүүд хэт урт хугацаа гэж үзжээ. Мөн өнгөрсөн жил өвлийн амралт зургаан долоо хоног хүртэл үргэлжилж байсан. Энэ нь бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүссэн аж.
Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд гурван долоо хоног амарна.
Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.
Бага ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлэх аж.